Манай улсад шатахуун импортын 110-аад аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхэлдэг гэнэ. Тэднээс импортын нийлүүлэлтээрээ томоохонд тооцогддог 14 компани байгаа аж. Энэ компаниуд Монгол Улсын нийт шатахуун, шатах тослох материалын 80 хувийг импортолдог. Түүнчлэн улсын төсвийн 15,5 хувийг бүрдүүлж байна. Ойрын өдрүүдэд үүсээд буй шатахууны хомсдолын үндсэн шалтгаан нь нөөц бүрдүүлээгүйгээс үүдэлтэйг албаныхан мэдээлж буй. Тэгвэл шатахуун импортын компаниудын нөөц болоод борлуулалтын нөхцөл байдал ямар байгааг дараах компаниудын эх сурвалжуудтай холбогдон тодрууллаа.
СОД МОНГОЛ: Зөвхөн “Сод карт”-ын хэрэглэгчдэдээ шатахуун олгож байна
Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж түгээдэг хамгийн том гурван аж ахуй нэгжийн нэг бол СОД МОНГОЛ компани билээ. Шатахууны хязгаарлалт тогтоогоод байгаа энэ үед тус компанийн Шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэдээ хэрхэн үйлчилж буй талаар тодруулахад “ОХУ-н РОСНЕФТЬ компанийн нийлүүлэлт доголдож, шатахуун хангамжинд хүндрэл учирсан тул түгээлтийг хязгаарласан байгаа. Тодруулбал, автобензин АИ-80, АИ-92, АИ-95 шатахуунуудыг зөвхөн “Сод Карт”-ын хэрэглэгч нартаа олгож байна. Нөөцийн хувьд яг хэдэн өдрийн хүрэлцээтэй байгаа нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
ШУНХЛАЙ: Одоогоор нэг иргэнд 30 мянган төгрөгөөс илүү өгөх боломжгүй байна
ШУНХЛАЙ компанийн Шатахуун түгээх станцууд түгээлтээ хэрхэн хийж буй талаар борлуулалтын албатай нь холбогдлоо.
-Тус албаны эх сурвалж “Яг өнөөдрийн байдлаар бид нэг иргэнд 30 мянган төгрөгөөс дээш шатахуун өгөх боломжгүй байна. Манай борлуултын албаны гол баримталж буй зарчим бол бүх хэрэглэгч нартаа тэгш, хүртээмжтэй шатахуун түгээхийн тулд л энэ хязгаарлалтыг хийгээд байгаа юм. Урьд нь манай шатахуун түгээх станцтай гэрээтэй, карттай байх нь хамаагүй. Хамгийн гол нь хязгаарлалт тогтоосон энэ цаг үед бүх л хүнд нээлттэй хүртээхийг хичээж байна” гэв. Энэ байдал хэр удаан үргэлжлэх бол гэсэн асуултад “Тэрийг сайн хэлж мэдэхгүй. Миний хувьд борлуулалтын өнөөдрийн нөхцлийг л танилцуулахад ийм байна. Нөөцийн асуудлыг сайн мэдэхгүй. Манай компанийн удирдлагууд нөөцөө хэвийн хэмжээнд хүргэх ажлаар ОХУ-ыг зорьсон байгаа” гэлээ.
ПЕТРОВИС: Манай удирдлагууд ОХУ руу явсан байгаа
ПЕТРОВИС компанийн Олон нийттэй харилцах хэлтсээс шатахууны нөөц болон түгээлтийн асуудлаар тодрууллаа.
-Танай компани хэд хоногийн шатахууны нөөцтэй байгаа вэ?
-Нөөцийг хэлж мэдэхгүй. Манайхаас энэ талаар мэдээлэл өгөх удирдлагууд томилолттой явчихсан байгаа. Нөөц бүрдүүлэлтийн асуудал зөвхөн манай компаниас хамаарахгүй, Засгийн газар, төрийн оролцоотой шууд холбооотой.
-Шатахууны хязгаарлалтыг яаж тогтоов?
-Манайх нэг хүнд 30 мянган төгрөгт л өгч байгаа. Учир нь эмнэлэг, цагдаа, онцгой байдал зэрэг нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө байнгын бэлэн байдалд байдаг аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагааг доголдуулахгүйн тулд энэ хязгаарлалтыг хийж өгсөн байгаа.
-Танайх нийслэлийн хэмжээнд хэчнээн Шатахуун түгээх станцтай вэ?
-Манайх нийслэлийн хэмжээнд 40 гаруй шатахуун түгээх станцуудтай.
ТЭС ПЕТРОЛИУМ: Ихэнх салбарт шатахууны нөөц дуусаж байна
ТЭС-ийн шатахуун түгээх станцууд ямар байдалтай байгаа талаар тус компанийн эх сурвалжтай холбогдоход “Манай ихэнх салбарт шатахууны нөөц дуусаж байна. Нөөц эргэн хэзээ хэвийн байдалд орохыг хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч энэ талаар манай компанийн удирдлагууд өөрсдийн боломжоор шуурхай ажиллаж байгаа” гэлээ.
УУХҮЯ: БНХАУ-аас 43 мянга 440 тонн шатахуун авна
Шатахууны асуудлаар УУХҮЯ-наас өчигдөр мэдээлэл хийлээ.
-ОХУ-ын “Роснефть” компани есдүгээр сард Монгол Улсад нийлүүлэх АИ-92 автобензинийн захиалгыг 70 гаруй хувиар бууруулсантай холбогдуулан хэрэглээнд үүсч буй зөрүүг бусад эх үүсвэрээс хангах, хангамжийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр УУХҮЯ-ны зүгээс холбогдох арга хэмжээ авч ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.
Энэ хүрээнд БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43 мянга 440 тонн шатахуун худалдан авах захиалга өгч, 724 вагонцистерний төмөр замын захиалгын дугаарыг баталгаажуулаад байгаа аж. Хятад улсаас импортлох 724 вагон шатахууны төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаагаа дуулгалаа. Мөн энэ сарын 21-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэн Руйтай уулзаж, Хятад улсаас худалдан авч буй шатахууны ачилт, төмөр замын тээвэрлэлтийг хурдан хугацаанд, шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан байна. Элчин сайд тус асуудлыг холбогдох байгууллагад уламжлан, хамтран ажиллахаа илэрхийлсэн гэнэ.
Энэ талаар албаны эх сурвалж “БНХАУ-аас Замын-Үүд боомтоор импортлох шатахууны тоо, хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрээн боомтод ирсэн шатахуун ачсан вагонцистернийг яаралтай татан авах, шилжүүлэн ачих, Хятадын талын вагонцистернийг буцаах, гаалийн бүрдүүлэлт хийх, дотоодын төмөр замаар тээвэрлэх ажлыг яаралтай горимоор шуурхай зохион байгуулах шаардлага тулгараад байна. Иймээс Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадалтай холбоотойгоор импортоор орж ирсэн шатахууны тодорхой хувийг авто замаар тээвэрлэх арга хэмжээ авч, холбогдох зохицуулалт хийх, шатахууны хангамж тогтворжих хүртэлх хугацаанд шатахууны нөөцийг хэрэглэгчдэд зохицуулалтайгаар түгээх, одоо байгаа нөөцийг оновчтой хуваарилах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллах шаардлагатай” гэв.
БНХАУ-аас шатахуун импортлох ажлыг зохион байгуулахын зэрэгцээ ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд ОХУ-ын “Роснефть” НХН болон манай улсын импортлогч аж ахуйн нэгж хоорондын жилийн уулзалтыг энэ оны есдүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулахаар хоёр тал харилцан тохиролцсон байна. Монгол Улсаас холбогдох төрийн байгууллага болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл ОХУ-ыг зорьсон бөгөөд шатахууны хангамж, нийлүүлэлтэд үүсээд байгаа нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэн шийдвэрлэх, холбогдох асуудлаар тохиролцохоор төлөвлөөд байна гэв.
МОНГОЛ УЛС САРДАА 38-40 МЯНГАН ТОНН АИ-92 БЕНЗИН ХЭРЭГЛЭДЭГ
Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг юм байна. Монгол Улсад дунджаар нэг автотээврийн хэрэгсэл нэмэгдэхэд шатахууны хэрэглээ өдөрт зургаан литрээр нэмэгдэхээр тооцоо гардаг гэнэ. Манай улсын хувьд автобензинийн хэрэглээний дийлэнхийг жижиг тэрэг, нийт тээврийн хэрэгсэл эзэлдгээс хувийн хэрэглээ зонхилдог аж. Харин түлшний хэрэглээний дийлэнхийг ачаа тээвэр, уул уурхайн машин механизм зэрэг хүчин чадал ихтэй техник хэрэгслүүд эзэлж байна. Түлшний хэрэглээнд нөлөөлж буй голлох хүчин зүйлст бөөний борлуулалт буюу уул уурхай, төмөр замын салбар, жижиглэнгийн борлуулалт буюу автозамын тээвэр, хувийн хэрэглээ багтдаг тухай мэдээллийг Ашигт малтмал газрын тосны газраас өглөө.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )