Монголчууд эртнээс өөрийн аягаа хол замд авч явдаг уламжлалтай ард түмэн. Сүүлд шарын шашин ихэд дэлгэрсэн үеэс аягаа авч явахгүй бол тэр газар буян хишигтэй эс тохиолдоно хэмээн номлодог болж. Уг нь бол нэн эртнээс, өвгөдийн захиасаар өөрийг нь хордуулахаас сэргийлсэн үйлдэл байсан юм билээ.
Тэгвэл орчин цагт энэ уламжлалаа сэргээхээс өөр аргагүй болж байх шиг байна. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал өөрийг тань хордуулж магадгүй байгаа учраас ингэх нь өлзийтэй. Зарим тохиолдолд цэвэрхэн, нэг удаагийн аяга хэрэглэж болох ч галт тэргээр явах бол яалт ч үгүй аягаа авч явах нь зүйтэй.
Учир нь цар тахлаас үүдэн галт тэрэгний нэг өрөөнд хоёроос дээш хүн зорчуулахгүй, зорчигч бууж суух тавцан руу билетгүй хүн оруулахгүй зэрэг журам батлагдсан бөгөөд үүн дотроо галт тэргэн дотор ямар нэгэн худалдаа хийх, зорчигчдод цай өгөх зэргийг хориглосон байна. Нэг удаагийн цаасан аяганд ч ус өгөх боломжгүй, та өөрийн аягатайгаа яваа бол өгч болно гэдгээ үйлчлэгч эмэгтэй хэлж байсан. Нэг үгээр бол та Улаанбаатараас Эрдэнэт, эсвэл Замын-Үүд орох бол өөрийн аягатайгаа эс бөгөөс ус, ундаа базааж явах хэрэгтэй. Зам зуурын өртөөнүүдийн дэлгүүр огт ажиллахгүй болохоор замаасаа бэлдчихнэ гэж санаа амарч, хойш тавих аваас замын туршид ам цангах аюул бийг санаарай.
Сэтгэгдэл ( 0 )