Намар, хаврын хуурайшлын үед манай улсад гал, түүмэр гарах нь ихэсдэг. Иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, хуурай өвсөө шатаах, ил задгай гал түлэх, тамхиа унтраалгүй хаях зэргээс үүдэн жилд асар их га талбай шатаж, байгаль экологид сөргөөр нөлөөлөх, эд хөрөнгөөрөө хохирох зэрэг байдал үүсдэг. Тиймээс НОБГ-ын газраас санаачилан “Алдвал галдана” нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа аж. Тус аян болон ой, хээрийн түймрийн гол шалтгаан, үүнээс хэрхэн сэргийлэх талаар тодрууллаа.
-Танайхаас “Алдвал галдана” аяныг зохион байгуулж байгаа юм байна. Аяныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Намрын хуурайшилтын үе буюу түймрийн нэн аюултай улирал эхэлж байгаатай холбогдуулан “Алдвал галдана” нөлөөллийн аяныг санаачилан есдүгээр сарын 17-ны өдрөөс аравдугаар сарын 17 хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байна. энэ аянаар ой, хээрийн болон шар өвсний аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд өгнө. НОБГ, НБОГ, Экологийн цагдаагийн алба энэ аяныг хамтран хэрэгжүүлж байгаа. ковидын цар тахлын үед томоохон гамшиг гаргахгүй байх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
-Ой, хээрийн түймэр гардаг гол шалтгаанууд нь юу байдаг вэ?
-Түймрийн нэн аюултай үе гэж хавар гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сар 10, намар нь есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20 хүртэлх хугацааг хэлдэг. Энэ цагт ил гал түлэх, хуурай өвс шатаах гээд олон шалтгаанаас үүдэн түймэр гардаг. Мөн ил задгай хаясан асаагуур, архины шилэнд гэрэл хугарч хүртэл гал гардаг. Ой, хээрийн түймэр нь нэг секунд хугацаанд хоёр метрийн хурдтайгаар 360 градуст тархдаг. Тийм учраас бид аль болох алдахгүй байх хэрэгтэй. Алдчихвал бид гал алдана, гал алдахаар маш их цаг хугацаа, эдийн засаг, хүн хүч зарцуулдаг. Тийм болохоор хүн бүр урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
-Нийслэл, суурин газарт гал, түймэр гарахад ямар шалтгаанууд зонхилдог вэ?
-Нийслэлийн Онцгой байдлын газарт жилд ирж байгаа дуудлагын 80 орчим хувийг обьектын гал түймэр эзэлдэг. Энэ нь хүн амын төвлөрөл, нягтаршилтай асар их холбоотой. Үүний үндсэн хэд хэдэн шалтгаан бий. Обьектын гал түймэр нь зөвхөн гэр хороололд ч биш орон сууцны хороололд ч гардаг. Хүмүүсийн санамсар болгоомжгүй үйлдэл, галын болон цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй, ил задгай үнс асгах зэргээс болж гал түймэр гардаг. Мөн галлагааны улиралд зуухныхаа бүрэн бүтэн байдал аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарч, хүмүүс амь нас, эд хөрөнгөөрөө хохирох нь их байдаг.
-Зуслангийн бүсэд шар өвс шатааж, гал алдах тохиолдол их гардаг, тийм ээ?
-Тэгэлгүй яахав. Энэ хавар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс хөдөлгөөнт эргүүл явуулснаар энэ төрлийн түймэр 46 хувиар буурсан. Ой хээрийн түймэр өнгөрсөн онд таван удаа гарч 22 га газар, шар өвсний түймэр 275 удаа гарч 78 га газрыг хамарсан. Иргэд маань хавар зусландаа гарахдаа өнжмөл өвсөө ил задгай шатааснаар гал алдаж өөрийн болон бусдын эд хөрөнгийг хохироох, улмаар ногоон бүс рүү алдах эрсдэл их байдаг. Уг нь намар өвсөө хадаад авчихбал ийм асуудал үүсэхгүй. Ер нь жаахан залхуурснаас болж, анхаарал болгоомжгүй хандснаас бүх төрлийн гал, түймэр гардаг. Тэгэхээр гал, түймрээс сэргийлэхийн тулд иргэд маань анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх хэрэгтэй.
-Хүний буруутай үйлдлээс болж гал, түймэр гарсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Зөрчлийн тухай хуулиар санамсар болгоомжгүйн улмаас гал, түймэр алдсан тохиолдолд иргэнийг 100 нэгж, аж ахуйн нэгжийг 1000 нэгжээр торгодог. Санаатайгаар галдан шатаасан, хүний амь нас хохирсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Үүнээс гадна гал түймрийн учраас байгаль экологи, бусдын эд хөрөнгөд хохирол учирсан бол хохирлыг заавал нөхөн төлүүлнэ гэсэн хатуу заалт байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )