Өөр өөрийн өнцгөөр олон цонхоор харах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 26

Сүүлийн үед бүхнийг нэг цонхоор харах талаар их сургадаг болсон. Үүнийгээ эв нэгдэл гэж хүчилж, хүчээ нэгтгэх талаар сургамжлах энүүхэнд. Бараг л эвт шаазгай буга барих юм байх.  Үнэндээ олон ургальч үзлийг нэг хэвэнд зутгах гэсэн санаа. Нэг ёсны хүн төрөлхтний олон мянган жилийн ололт амжилтыг үгүйсгэж байгаа хэрэг л дээ. Ардчилсан нийгэм бидэнд өөр өөрийн өнцгөөс хорвоог харж, нэг биш нэлээд хэдэн цонх онгойлгох боломж олгосон. Харин нэг цонхоор харахыг тулгах нь дарангуйлал, түүнийг уриалах бол тархи угаалт юм.  

Социализмын үед хүүхдүүдийг шахаж хавчин пионерийн байгууллагад гишүүнээр элсүүлэхэд багш нар нь “Чи хаана зогсож байна” гэж асуухад, сурагч  “Би Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гал улаан шугам дээр зогсож байна” хэмээн хариулах үүрэг хүлээдэг байж. Үргэлжүүлэн “Цонхоор юу харагдаж байна” гэж асуухад нь “Надад цонхоор Монгол ардын хувьсгалт нам, түүний залгамж халаа болсон Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн социалист их бvтээн байгуулалт, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хөгжил цэцэглэлт харагдаж байна” гэж хариулах ёстой. Энэ хэдэн өгүүлбэрээс гажсан зүйл ярьвал, тэр хүүхэд нэг насаараа хэлмэгдэнэ.  Нэг цонхоор харуулна, нэг цонхоор харна гэж үүнийг хэлдэг.

Гэсэн ч бүх хүүхдийг нэг цонхоор харуулж дийлдэггүй байж. Нэг сахилгагүй нөхөр социализмын хэвэнд цутгачихсан багш нарын асуултад “Ангийн будаг нь халцарсан шалан дээр зогсож байна”, “Цонхоор оройг нь тайрсан мод, хажуу байшингийн эвдэрхий дээвэр харагдаж байна” гэх мэтээр хариулаад сургуулиасаа хөөгдөх шахсан түүх байдаг. Тухайн үедээ л эрүүл  сэтгэдэг нөхөр байсан байгаа биз.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top