Гурилын үнэ өсөөгүй ч "АТАР" талхны үнэ нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

Манай улс шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг "бичигдээгүй хуультай" болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл шатахууны хомсдолд орсон байгаа энэ үед ч өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгджээ.

Тухайлбал, иргэдийн өргөнөөр хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болох "Атар” талх хүнсний дэлгүүрүүдэд 1600 төгрөгөөр худалдаалагдаж байна. Бүтээгдэхүүний гол орц болох гурилын үнэ нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй байхад талхны үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдсэн нь иргэдийн гайхшралыг төрүүлж байгаа юм.

Үндэсний статистикийн хорооноос “Атар” талх хүнсний зах, дэлгүүрүүдэд 1430-1540 төгрөгийн үнэтэй байна гэх тооцоолол гаргажээ. Тухайлбал,
 

  • “М-март” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1430 төгрөгөөр,
     
  • “Сансар”, “Оргил”, “Е-март” супермаркетуудад хамгийн өндөр үнээр буюу 1540 төгрөгөөр худалдаалж байгаа аж.


Энэ мэдээллийн дагуу бид хоёр ч хүнсний дэлгүүрээр орж, талхны үнэ сонирхов.

Эхний орсон “Смарт” супермаркет дэлгүүрт “Атар” талх 1600 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Гурилан бүтээгдэхүүний лангууны нэгээхэн хэсэгт байрлах “Атар” талхны дор нэлээд хуучирсан ногоон цаасан дээр 1400 гэж бичсэн байв. Гэвч одоо 1600 төгрөг болсон нь үнэн байна. 



Энэ талаар дэлгүүрийн худалдагч “Саяхан шатахууны хомсдолд орохын өмнө 1400 төгрөг байсан юм. Гэтэл гэнэтхэн л 200 төгрөгөөр өсчихсөн” гэлээ.

Харин талх худалдан авч буй иргэн өргөн хэрэглээний барааны үнэ дахиад л өссөн байгааг хэлж байлаа.

Бидний орсон дараагийн газар бол иргэдийн өдөр бүр хүнсээ авч, байнгын үйлчлүүлдэг байрны доорх дэлгүүр. Энд “Атар” талх мөн л 1600 төгрөгийн үнэтэй байна.  

Талхны үнэ сарын өмнө 1600 төгрөг болсон. Хамгийн хачирхалтай нь гурилын үнэ өсөөгүй байхад талхны үнэ нэмэгдсэн. Нийлүүлэгчид гэнэт л нэмчихдэг. Үүнд төр, засгаас хяналт тавих хэрэгтэй байна” хэмээн худалдагч эмэгтэй халаглаж суув.

Цар тахал дэгдэж, эдийн засаг хүндхэн байгаа үед өргөн хэрэглээний барааны үнэ ойр ойрхон өслөө. Хамгийн хачирхалтай нь бүтээгдэхүүний гол орц болох гурилын үнэ нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй байхад талхны үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдсэн нь олны бухимдлыг хүргэж байна. Тиймээс холбогдох төр, захиргааны байгууллагуудаас бараа бүтээгдэхүүний үнэд хяналт тавихыг иргэд хүслээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллийг харьцуулан хүргэе

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top