Төрийн ордонд өнөөдөр /2021.09.24/ Биеийн тамир спортын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, санал зөвлөмж гаргах Ажлын хэсэг хуралдаж байгаа аж.
Энэхүү Ажлын хэсгийн хуралдаанд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган цахимаар оролцож тайлбар, мэдээлэл өгчээ. Тэрбээр өөртэй нь холбоотой Өөжинмед эмнэлэг, газрын маргааныхаа асуудалд тайлбар өгч байгаа талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өөрийн цахим хуудаснаа тодотгожээ.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Биеийн тамир, спортын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийн ээлжит хуралдаан явагдаж байна. Үндэсний Шигшээ багийн төрөл жил бүр нэмэгдэж, төсвийн санхүүжилт тэр хэрээр өсч бна. 2012 онд 3.4 тэрбум байсан бол 2017-2020 онд 21.4 тэрбум болж өсчээ.
Хэдий төсөв нэмэгдэж байгаа ч шигшээ багийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэх, тамирчдын залуу халааг бэлдэх асуудалд анхаарах, ЕБС-иудаас эхлээд хүүхэд, өсвөр үеийг бэлтгэх, биеийн тамирын боловсролын агуулга, хөтөлбөрийг сайжруулахгүй бол зарим спортын төрлүүд уналтын байдалд байна" хэмээн бичжээ.