Шадар сайд “Спецмаш-2021” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

2021 оны 09 сарын 28

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам, Оросын “Экспоцентр” хувьцаат нийгэмлэг, “Росспецмаш” нийгэмлэгүүд хамтран “Спецмаш-2021” хөдөө аж ахуй, зам барилгын төрөлжсөн машин механизмын үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Монгол Улсын Шадар сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газрын хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан  тус үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.

Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ цар тахлын амаргүй нөхцөлд ч худалдааг аль олох хэвийн явуулахад хоёр улсын Засгийн газраас анхаарч ажиллаж буйг онцлоод, Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импорт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч, энэ оны 8 сарын байдлаар хоёр талын худалдааны хэмжээ 34 хувиар өссөнийг цохон тэмдэглэв.

Хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэнд Оросын хөдөө аж ахуй болон зам засварын машин механизм, техник, технологийн сүүлийн үеийн шинэ загваруудыг танилцуулах бөгөөд МҮХАҮТ, ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөл, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэмжлэгтэйгээр хоёр талын бизнес уулзалтуудыг зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top