“Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан уран бүтээлчидтэй хамтран “ЗАЛУУ ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ” ээлжит төслөө эхлүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28


“Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв дэргэдээ үргүйдэлтэй гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” санг 2020 онд байгуулсан билээ.

Тус сангийнхан 1 жилийн ойдоо зориулсан “Art night” хандивын үдэшлэгийг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулж, ээлжит зорилтот хөтөлбөрөө эхлүүллээ. Ингэхдээ сүүлийн үед дүрслэх урлагийн салбарт түрэн гарч ирж буй залуу уран бүтээлчидтэй хамтран ажилласан нь шинэлэг санаачилга байв.

Энэ удаа “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сангийн хамт олон залуу уран бүтээлчдийн бүтээлийг уран зураг сонирхогчдод санал болгон, борлуулалтын тодорхой хувийг санд хуримтлуулах байдлаар үр шилжүүлэн суулгах хүсэлтэй гэр бүлүүдэд санхүүгийн дэмжлэх үзүүлэхийг зорьж байна.

“Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан  өнгөрсөн нэг жилийн хугацаанд 13 хосод эмчилгээний төлбөрөөр тусламж үзүүлж, зургаан гэр бүлийн үр шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай болоод байна.

Тус сангаас санхүүжилт хүсэхийн тулд хэд хэдэн шалгуур хангасан байх ёстой байдаг ба “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвд эмчилгээнд хамрагдаж буй хосуудаас сонгон, эмчилгээний төлбөрийн тодорхой хувийг олгодог юм.  

Энэ удаагийн хандивын арга хэмжээний үеэр зураач н.Даваанямын бүтээл дуудлага худалдаагаар 30 сая төгрөгөөр борлуулагдсан нь хамгийн өндөр үнэлгээ байжээ.

Үр шилжүүлэн суулгах хүсэлтэй хосуудын эмчилгээний зардалд туслах “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сангийн санаачилгыг дэмжиж, хандив өргөх нь сайхан сэтгэлт хүн бүрт нээлттэй.
 



Top