Олимпийн аварга Э.Бадар-Ууган, түүний гэргий Х.Азжаргал нарын үүсгэн байгуулсан “Өөжинмед” эмнэлгийн 5 жилийн ой саяхан тохиож, энэ баярын үеэр “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан байгуулагдсаныг зарлалаа.
“Өөжинмед” эмнэлгийн захирал Х.Азжаргалын санаачилгаар энгэртээ тэврэх бяцхан үртэй болох мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахыг зорьсон сангийн нээлт болж, Монголын нэгэн жаргалтай гэр бүлийн мөрөөдлийг биелүүлэх эхлэлийг урлаг, соёл, бизнесийн салбарынхан хамтран тавилцаж, сангийн үйл ажиллагаанд хандив өргөжээ. Үргүйдэлтэй гэр бүлд туслах “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сангийнхан хамгийн түрүүнд “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвд эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдээс санхүүгийн хүндрэлийн улмаас эмчилгээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон хосуудад туслах гэнэ.
Сангийнхаа санаачилгыг дэмжиж “Өөжинмед” эмнэлгийн ажилчид нэг өдрийн цалингаа хандивласан бол “Сити палас”, Эко констракшн, Скайтел групп, Монгол HD телевиз, Глобал ацетлин, И-Март сүлжээ дэлгүүр, “Үнэт продакшн”, “Монгол базальт”, “Непко паблишн”, “Тайёо таун” зэрэг компаниуд энгэртээ үрээ тэврэх эрхэм үйлсийг дэмжин хандив өргөжээ. Мөн Олон улсын олимпийн хорооны шинэхэн гишүүн Б.Баттүшиг, түүний гэргий Н.Цэлмүүн, Монгол HD телевизийн эзэд болох Г.Бат-Эрдэнэ, Ч.Номин нарын гэр бүл, түүнчлэн урлаг соёлын алдартнууд, ойр дотны хүмүүс нь хандивын үйлсэд нэгджээ.
“Өөжинмед” эмнэлэг 5 жилийн ойгоо тохиолдуулан зохион байгуулсан тус хандивын арга хэмжээнд нийт 50 гаруй сая төгрөг цугларчээ.
“Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан үр шилжүүлэн суулгах хүсэлтэй хосуудын эмчилгээний зардалд тусална
Гадаадад өндөр үнэ өртгөөр хийдэг үргүйдлийн эмчилгээ, үр шилжүүлэн суулгах аргыг “Өөжинмед” эмнэлэг Монголд бодит утгаар нь нутагшуулж, өнгөрсөн хугацаанд олон шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ.
Тухайлбал, унтуулга шаардлагагүйгээр өндгөн эс оруулах, уян гуурс ашиглан үр хөврөлийг шилжүүлэн суулгах, хөлдөөх гэсгээх ажилбарыг Монголд анх удаа хийж эхэлсэн бол үр хөврөлийн хромосомын өөрчлөлтийг илрүүлэх, хүйс тодорхойлох генетикийн шинжилгээ, өндгөн эсийн ээрүүлийн аппаратыг шалган, тарьж үр тогтоох SL-ICSI ажилбар, лазерийн тусламжтайгаар үр хөврөлийн гадна давхаргыг салгах буюу бүрэн автомат LAH-Laser assisted hatching ажилбар, үр хөврөлийг умайн салст давхарга хүлээн авах үеийг тодорхойлох шинжилгээ зэрэг үйлчилгээг Монголд цор ганцаар үзүүлж байна.
“Өөжинмед” эмнэлгийн IUI болон үр шилжүүлэн суулгах эмчилгээнийхээ үр дүнд өнгөрсөн таван жилийн хугацаанд 550 хүүхэд төржээ. Анх 2016 онд 58, 2017 онд 127, 2018 онд 142, 2019 онд 156, 2020 оны эхний хагаст 92 гэхчлэн аав, ээждээ аз жаргал хөтлөн ирсэн хүүхдүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
“АЗ ЖАРГАЛЫГ ЭНГЭРТЭЭ ТЭВЭРЬЕ” САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Тус сан нь үр хүүхэдтэй болох чин хүсэлтэй ч санхүүгийн хүндрэлийн улмаас эмчилгээгээ үргэлжлүүлж чадахгүй байгаа “Өөжинмед” эмнэлгийн үйлчлүүлэгчдэд өндөр өртөгтэй ажилбарууд болох Өндгөн эс соруулах, Үр хөврөл шилжүүлэн суулгах ажилбар болон эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг ERA шинжилгээ, Үр хөврөлийн генетикийн шинжилгээний зардлыг хандивын сангаас гарган санхүүжүүлэх юм.
Тодруулбал, дараах нөхцлийг хангасан үйлчлүүлэгчдийн цахимаар болон эмнэлгийн байранд ирж бөглөсөн цаасан хэлбэрийн хүсэлт дундаас сонгон шалгаруулж, сар бүрийн эхний өдөр Аз жаргалыг энгэртээ тэвэрье сан пэйж хуудсаар зарлан, эмчилгээг эхлүүлэх аж.
ХҮСЭЛТ ГАРГАХЫН ТУЛД
Хэрэв танай гэр бүл дээрх шаардлагуудыг хангаж байвал дараах линкээр хүсэлт илгээгээрэй.
Хүсэлт илгээх https://ivf.typeform.com/to/GCNg9UiI