"Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төв "АЗИЙН ШИЛДЭГ ЭМНЭЛЭГ"-ээр шалгарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 11

Азийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын нэр хүндийг тодорхойлж, эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, стандарт, инноваци, өвчтөнд чиглэсэн ээлтэй үйлчилгээ зэргийг харгалзан шилдэг эрүүл мэндийн байгууллагыг шалгаруулан өргөмжилдөг “Healthcare Asia Awards” чуулга уулзалт Малайзын Куала Лумпур хотод өчигдөр (2025.04.11) боллоо.

Азийн нэр хүндтэй чуулганаас Монгол Улсаас анх удаа “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв “Шилдэг тусгай мэргэшлийн эмнэлэг”-ээр шалгарч, Азийн улс орнуудын эрүүл мэндийн салбарт нэр хүндтэй шагнал хүртсэн төдийгүй түүгээр дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн үйлчилгээг Ази тивд таниулан сурталчилсан чухал үйл явдал боллоо.
 

“Healthcare Asia Awards”-аас "Өөжинмед" эмнэлгийг “Азийн шилдэг тусгай мэргэшлийн эмнэлэг”-ээр шалгаруулахдаа дараах үзүүлэлтийг чухалчилжээ.
 

  • Япон стандарт, дэвшилтэт технологи бүхий “Байгалийн мөчлөгт, зөөлөн сэдээлт” үр шилжүүлэн суулгах эмчилгээний аргыг Монгол улсад анх удаа нэвтрүүлэн нөхөн үржихүйн эмчилгээний үр дүнг шинэ түвшинд хүргэсэн.
     
  • Үр хөврөл шилжүүлэн суулгалтын өмнөх генетикийн шинжилгээ (PGT-а)-г Монгол улсдаа анх удаа нэвтрүүлэн жирэмслэлтийн хувийг нэмэгдүүлж, эрүүл үр хөврөлийг сонгон жирэмслэх, хүйс сонгон жирэмслэх боломжтой болсон.
     
  • ERA (Endometrial Receptivity Analysis) буюу үр хөврөлийг умайн салст давхарга хүлээн авах чадварыг тодорхойлох шинжилгээг анх удаа нэвтрүүлсэн.
     
  • MicroTESE буюу эрэгтэй шалтгаант үргүйдлийн хамгийн сүүлийн мэс ажилбарыг Монгол улсад нэвтрүүлсэн.
     
  • Монголын анхны үр хөврөлийн вакум лабораторийг байгуулсан ба хурдан хөлдөөлтийн технологи, SL-ICSI, бүрэн автомат лазер зэрэг шилдэг технологиудыг  үр хөврөлийн лабораторийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
     
  • Монгол орны 21 аймгийг тойрч алслагдсан хот, сууринд нөхөн үржихүйн эмчилгээ үйлчилгээг хүргэн, таниулан ажилласан.
     
  • Үйлчлүүлэгчид зориулсан “Patient-centered care” системийг нэвтрүүлэн, үйлчлүүлэгч эмчилгээний мэдээллээс гадна, жирэмслэхэд хэрхэн биеэ бэлдэх, амьдралын зөв хэвшил, шим тэжээл, дасгал хөдөлгөөн, сэтгэлзүйн зөвлөгөө зэрэг олон талын сургалтыг тогтмол зохион байгуулж, координатор эмчээс ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл авах боломжоор хангасан.
     
  • Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг экспортлон гадаад үйлчлүүлэгч хүлээн авч, Монгол улсаас гадаад улсад салбар (Жакарта, Индонез улс) эмнэлгээ байгуулсан анхны эмнэлэг болсон зэрэг үзүүлэлтийг онцгойлон үнэлжээ.



Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан “Өөжинмед” эмнэлгийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд эмнэлгийн хамт олон удахгүй үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр мэндлэх 2000 дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байгаа баярт мэдээг мөн дуулгалаа. 

"Өөжинмед" эмнэлэг нь байгуулагдсан цагаасаа эхлэн Япон улсын хамгийн том үр шилжүүлэн суулгах эмнэлэг болох "Като Лэдиес" клиниктэй хамтран ажиллаж, Монгол Улсын нөхөн үржихүйн эмчилгээ үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэх олон шилдэг эмчилгээний технологиудыг нэвтрүүлэн ажиллаж ирсэн бөгөөд хүний геномийн дараалал тогтоох NGS технологид суурилсан үр хөврөлийн генетикийн шинжилгээг хийж эхэлснээр үр шилжүүлэн суулгах эмчилгээний жирэмслэлтийн хувийг 85.7% хүртэл нэмэгдүүлж чадсан юм.

Эмчилгээний давуу тал нь зөвхөн үргүйдэлтэй хосууд гэлтгүй төрөх хүүхдийн хүйс сонгох, хромосомын эмгэгтэй хүүхэд төрүүлэх эрсдэлээс бүрэн сэргийлэх боломжийг олгосноор нөхөн үржихүйн анагаах ухааны салбарт томоохон дэвшил авчирч чадсан юм. 

"Өөжинмед" эмнэлэг нь Монгол Улсдаа хамгийн том үр шилжүүлэн суулгах төв бөгөөд нөхөн үржихүйн бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж, олон улсын жишигт хүрсэн үр дүнтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдээлсэн байдаг бол удахгүй тус хамт олон цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, хиймэл оюун ухаанд суурилсан (AI) үр хөврөлийн лаборатори байгуулах зорилго тавин ажиллаж байгаагаа “Healthcare Asia Awards”-ын индэр дээрээс Азийн улс орнуудад зарлалаа. 
 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu