Жолооч Л.Мөнх-Эрдэнэ гал сөнөөгчдийн хувцсыг хатаах ТӨХӨӨРӨМЖ бүтээжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29


Гал түймэр унтраах, аврах 29-р ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Л.Мөнх-Эрдэнэ өөрийн санаачилгаар хөдөлмөр хамгааллын хувцас болон галын хоолой цэвэрлэх, хатаах төхөөрөмж бүтээжээ.

Түүний бүтээсэн төхөөрөмжийн тусламжтайгаар алба хаагчид дуудлага ихтэй үед түргэн хугацаанд бэлэн байдлаа хангах боломж бүрдэж байна. 



Л.Мөнх-Эрдэнэ төхөөрөмж бүтээсэн талаараа “Өвөл галын дуудлагаар яваад буцаж ангидаа ирэхэд гал сөнөөгчдийн маань хувцас болон хоолойнууд нороод, хөлдчихсөн байсан. Гал сөнөөгчид бүгд хөлдүү хувцас, хоолой знргнн пааран дээр тавьж хатаадаг. Дөнгөж хатааж эхэлж байхад дараагийн дуудлага орж ирдэг. Гал түймрийн дуудлагаар гарахдаа гал сөнөөгчид маань нойтон, хөлдүү хувцсаа өмсөөд, нойтон хоолойгоо бариад гарах үе бишгүй гардаг. Үүнийг хараад тэднийхээ бие болон ажлыг нь хөнгөвчлөх зорилгоор энэ төхөөрөмжөө хийсэн. Манай ангийн хамт олон намайг маш сайн дэмждэг. Төхөөрөмжийг маань илүү сайжруулахад тусалж, дэмжинэ гэсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
 



Нэг удаагийн гал унтраах дуудлагад 5-7 галын хоолой ашигладаг байна.

Галын нурам дээр ажилласны дараа галын хоолой болоод байлдааны хувцас гүн бохирдолтой болдог. Бохирдсон галын хоолойг гал сөнөөгчид гараараа зүлгүүрдэж цэвэрлэхэд 40 орчим минут зарцуулдаг аж.

Бэлэн байдлаа хангаж амжилгүй, өвлийн нөхцөлд хатаж амжаагүй нойтон хувцастайгаа дараагийн дуудлагад гарах тохиолдол түгээмэл байжээ. Харин энэхүү төхөөрөмжийн ачаар богино хугацаанд дараагийн дуудлагын бэлтгэл хангаж, түргэн шуурхай амжуулах боломжтой болсон байна.



Гал түймэр унтраах, аврах 29-р ангийн захирагч, дэд хурандаа Э.Буянтогтох “Цаг агаар хүйтэрч, галлагаа эхэлж байгаатай холбоотойгоор гал түймрийн дуудлага ихэсдэг. Нэг дуудлага дээр ажиллаад, маш хурдан хугацаанд бэлэн байдлаа хангаж, дараагийн дуудлага руу явах шаардлага бидэнд үргэлж тулгардаг. Тиймээс манай ажилтны зохион бүтээсэн шиг цэвэрлэх төхөөрөмж бидэнд маш их шаардлагатай байсан. Энэ төхөөрөмжийг илүү сайжруулах тал дээр удирдлагуудын зүгээс зөвлөн тусалж, ажиллах болно” хэмээн талархал илэрхийлж байлаа. 

Байгууллагадаа нэн хэрэгцээтэй төхөөрөмжийг зохион бүтээсэн Ахлах ахлагч Л.Мөнх-Эрдэнэ гал түймэр унтраах албанд есөн жил ажиллаж байгаа аж.

Тэрбээр эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд цаг завгүй ажлынхаа дундах ганц удаагийн ээлжийн амралтаа энэхүү төхөөрөмжийг бүтээхэд зориулжээ.

Эхэндээ гэр бүл нь дурамжхан хүлээж авсан ч эхнэр нь нэг албанд ажилладаг учир ойлгож, дэмжжээ. Л.Мөнх-Эрдэнэ төхөөрөмжөө бүтээхдээ гал түймэр унтраах, аврах 10-р ангийн гал сөнөөгч М.Хүрэлсүхтэй хамтран ажилласан байна. 

Видео хэлбэрээр үзэх

Эх сурвалж: ТВ8 - "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР
 

СУРВАЛЖИЛСАН:  А.АЗЖАРГАЛ, М.ЧИНЗОРИГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top