Хаалттай хаалганы цаана хулгай л болдог юм даа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Цар тахал манай оронд зөвхөн иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засагт сүүдрээ тусгаагүй. Бас улс төрийн ашиг хонжоонд тусалж, иргэдийн мэдэх эрхийг боогдуулсан олон таагүй үр дагавар авчирсан юм.

Өвчин манай хилээр нэвтрээгүй байхаас эхлэн хөл хорио тогтоосон төр засгаа дагаж хөөрцөглөж байсан тэр өдрүүд өдгөө хошин жүжгийн хэсэг мэт санаанд бууж байгаа. Гэхдээ тэр л жүжгийн олны хэсэг өнөөгийн эрх баригчдыг дахин сонгоход хүргээгүй гэж үү. Мөн өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас хойш мөрдөгдөж байгаа Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлээр тендергүй худалдан авалт,

Төрийн албаны зөвлөлөөр баталгаажаагүй орлон гүйцэтгэгч нарын томилгоо урссан. Эрх баригчид хувьсгалаас өмнөх феодалуудын эзэмшиж байсан тэр эрх мэдлээр бялуурч хоёр жил боллоо. Дээр нь МАН-ыг сөрөн зогсож чадах ганц улс төрийн хүчин Ардчилсан нам өнгөрсөн хоёр жилд хоорондоо хөлөө жийлцсээр ирэв. Үр дүнд нь УИХ-д есөн суудалтай багашаархан нам болж хувирлаа, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа. Хоёр хуваагдаж, нэг нэгнээ “хуурамч Дамбийжаа” хэмээн цоллосоор дотоод зөрчилдөө одоог хүртэл тамираа барсаар байна.

Яг ийм үед ардчилсан нийгмийг, иргэдийн эрх ашгийг хамгаалж, улсын төсвийн зарцуулалт, томилгоо, хурал зөвлөгөөнөөр хэлэлцэх гэж байгаа асуудалд олны анхаарлыг татах үүрэг нь хэвлэл мэдээллийн байгууллагууд дээр ирсэн юм. Манайд хэвлэлийн байгууллагын үүргийг өнгөцөөр харах нь түгээмэл байдаг. Сошиал орчин хөгжиж мэдээллийн урсгал өргөсөх хэрээр хариуцлагатай сэтгүүл зүйн үүрэг, үр ашгийг мартах тал руу ч явж байна. Үүнийг ч эрх баригчид соргогоор анзаарч хоёр жил Төрийн ордонд хөл хорьж, сэтгүүлчдийг үүднээсээ дотогш явуулсангүй. Цахим орчинд аливаа шийдвэр гарсны дараа хувь хүмүүсийн баахан хараал зүхэл, харамсал бичигддэг. Харин хэвлэлийн байгууллага бол дан ганц дамжуулах үүрэгтэй биш. Тэнд ажиллаж байгаа мэргэжлийн сэтгүүлчид мэдээллийг боловсруулж, өөрийн байгууллагын дотоод шат дамжлагаар хэлэлцэн шүүж, “газрын зураг”-тай мэдээлэл дамжуулахыг чармайдаг. Ийм байдлаар ажиллаж чаддаггүй байгууллагад сайн сэтгүүлч тогтдоггүй бөгөөд улмаар доройтон сөнөдөг юм. Тухайлбал, нэг хуулийн төсөл батлахаар парламент хэлэлцэж эхлэхэд тухайн хууль батлагдсанаар дагаж гарах үр дагаврын асуудлаар УИХ-ын гишүүдийн амыг чангааж, аливаа сөрөг байр суурь байвал тодотгож, илүү “нухсан” хууль бий болоход нөлөөлдөг гэсэн үг. Тиймээс эрх баригчид Төрийн ордонд сэтгүүлчдийн хөлийг хорьсон нь чухамдаа өөрсдийнхөө хүсэл тачаалаар ажиллахыг хүссэн хэрэг юм. Хамгийн гол нь ийм хаалттай хаалганы цаана хулгай л явдаг юм шүү дээ.

Тэгвэл өчигдөр Сүхбаатарын талбайн арслантай хөшөөний гинжинд парламент сурвалжилдаг сэтгүүлчид “ордны үнэмлэх”-ээ өлгөн эсэргүүцлээ зарлалаа. Ирэх баасан гарагт УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийх гэж байна. Хоёрхон хоног үлдсэн байтал дахиад л чуулганы нээлтийг сурвалжлахад сэтгүүлчдийг оруулахгүй хэмээн шийджээ. Энэ бол цаашдаа ч хаалттай байна гэдгийн дохио юм. Тиймээс ч бүтэн хоёр жил мэдээлэх үүргээ УИХ, Засгийн газрын нэг цонхны бэлтгэсэн мэдээгээр бүрдүүлэхээс залхсан сэтгүүлчид эсэргүүцлээ ингэж илэрхийлж байгаа юм. Энэ эсэргүүцлийн үеэр УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар гарч ирж байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “КОВИД-19 халдвар дотоодод бүртгэгдсэн өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Энэ үед сэтгүүлчид Төрийн ордонд хэрхэн яаж ажиллах вэ гэдэг асуудал яригдаад түр журам гарсан. Хоёр жилийн хугацаанд сэтгүүлчид тодорхой хүрээ хязгаартай Төрийн ордонд нэвтэрч байсанд миний хувьд сэтгэл зовниж байна. Тиймээс аравдугаар сарын 1-нд эхлэн намрын чуулганаас өмнө ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар ярилцаж байна. Мэдээлэл болгож хэлэхэд бид түр журмаа өөрчлөх бодолтой байна. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын хэвлэл хариуцсан алба бол журам дүрэм гаргадаг байгууллага биш. Сэтгүүлчид Төрийн ордонд хэрхэн ажиллах вэ гэдэг журам бол УИХ-ын даргын захирамжаар батлагддаг журам юм. Даргад энэ асуудлыг тавина. Татгалзахгүй байх гэж бодож байна. Наад зах нь халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зай баримтлах асуудал тавигдана. Иймд сэтгүүлчдийн түр хорооноос төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулаад, сэтгүүлчид КОВИД-19 нөхцөлд хэрхэн ажиллах, жирийн үед хэрхэн ажиллах талаар дүрэм журамтай болох нь зүйтэй” гэсэн байна лээ.

Хамгийн гол шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын даргын зөвлөлийнхөн гаргаж таарах нь. Тийм болохоор УИХ-ын даргад Төрийн ордныг сэтгүүлчдэд нээлттэй болгооч ээ гэж хүсэж байгаагаа дайж байгаа юм. Манай Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хурал чуулган болгон дээр авлигачидтай тэмцэнэ гэдгээ зарладаг. Авлигачид нь журмын нөхөд нь байсан ч өршөөхгүй гэдгээ хэлж байгаа. Хэрвээ үнэхээр авлигатай тэмцэж, алдаа буруутай хатуу тэмцмээр байгаа бол Төрийн ордонд сэтгүүлчдийг нэвтрүүлэхээс эхэлнэ шүү. Төрийн албанд өөрийн хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүдээ шахдаг, элдэв сангуудаас мөнгө төгрөгийг тэрбум тэрбумаар нь албан тушаалаа ашиглан зээлдэг, авлига авдаг УИХ-ын гишүүд чинь нүүр хийх газаргүй явах ёстой. Иргэдийг хохироосон хууль журам баталж, өөрсдийнхөө ойр дотны бизнесийн бүлэгт тал засах гэж байгаа бүлэглэл УИХ-д байдаг юм гэхэд таслан зогсоох хүч нь хэвлэлийнхэн юм. Ер нь олон нийтээс санал гуйгаад төр түшихээр очсон хүмүүс бүгдээрээ хулгайч, дээрэмчин байна гэж юу байх вэ дээ. Харин тэр дунд цөөн хэдэн хүн л явцуу эрх ашгаа өргөчихсөн явж байх нь тохиолддог. Ийм хүмүүс “Хэвлэлийнхнийг ордонд оруулж болохгүй. Өрөөнөөсөө ч гарч чадахгүй байна” гэж УИХ-ын даргад, Төрийн ордны хамгаалалтын албанд гомдол өргөж байдаг талтай. Тэднийг дээрээсээ эхэлж хамгаалсаар байх юм бол энэ ард түмний төрдөө итгэх итгэл алдарна. Төр нээлттэй, ил тод байх ёстой. Хүчирхэг төр гэдэг бол иргэдийнхээ итгэлийг авч чадсан, ард түмнийхээ найдварыг тээж явдаг төрийг хэлдэг юм. Хэвлэлийнхэн зөвхөн өөрсдөдөө зориулж, мэдээлэл олж авах эрхээ хангуулахаар шаардаад байгаа юм биш. Мэдээллийн редакцуудаас уншигч, сонсогч, үзэгчид нь ингэж шаардаж байгаа л асуудал. Мэдэх эрхээ хасуулсан иргэдийн бухимдал ч тэсрэхэд ойртлоо.Тийм болохоор Төрийн ордноо сэтгүүлчдэдээ нээнэ үү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top