Дорнод аймагт ялааны нүүдэл болсон тухай мэдээлэл цахим орчинд тарсан билээ. Энэ үзэгдэл хүн болоод байгальд хор хөнөөлтэй эсэх талаар Монгол Улсын ургамал хамгаалах хүрээлэнгийн зөвлөх Ч.Чулуунжаваас тодрууллаа.
-Саяхан Дорнод аймагт хар ялааны нүүдэл боллоо хэмээх мэдээлэл цахим орчинд шуугиан тарьсан. Хүмүүс их айж сандрах шиг боллоо. Энэ үзэгдлийг мэргэжлийн хүний зүгээс тайлбарлавал?
-Монгол оронд 14 мянган зүйлийн шавж тархсан байдаг. Манай орны өргөн уудам нутагт шавжны гаралт, тархалт зэрэг байгалийн үзэгдэл нь газар бүрд өөр л дөө. Шавж гэдэг зүйл урд, өмнө нь маш олон төрөл зүйлээр үүсэж бий болж л байсан. Одоо ч шинэ зүйлүүд гарсаар л байгаа. Тиймээс энэхүү хар ялаа гэгдээд буй шавжны төрөл зүйлийг нарийн судалгааны үр дүнд тайлбарлах хэрэгтэй. Ялаа нь дотроо хэдэн мянган зүйлд хуваагддаг. Дорнод аймагт бий болсон шавжны үзэгдлийг хар ялаа гэхэд эргэлзээтэй. Миний шавь Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Мөнхцэцэг хоёр жилийн өмнө Дорнод аймагт судалгаа хийсэн. Ингэхдээ “Ижил далавчтаны багт хамаардаг хайлаасны бөөс Дорнод аймагт олширч байгаа. Үүнийг нутгийнхан ялаа гэж яриад байна” гэсэн юм. Тиймээс би шавийнхаа судалгаанд үндэслэн Дорнод аймагт болсон зүйлийг хайлаасны бөөс гэж хэлмээр байна. Хүмүүс ниссэн бүх шавжийг ялаа гэж нэрлэх гээд байдаг талтай.
-Ямар шалтгаанаас үүдэн шавж ийнхүү олноороо үзэгддэг юм бол?
-Шавжны олшрох шалтгаан нь чийг дулааны коэффициенттэй холбоотой байдаг. Үүнд, температур, чийг, хоол тэжээл зэрэг зүйлс нөлөөлдөг. Шавж нь дэлхий дээр оршдог байгалийн нэг бүтээгдэхүүн юм. Дорнод аймагт энэ амьтны үржих, хөгжих, тархах экологийн хамгийн таатай нөхцөл бүрджээ. Байгалийн таатай орчин бүрдэхээр амьд амьтан үр удмаа үлдээх төрөлхийн чанараа гаргадаг шүү дээ.
-Шавж олширсноор хүн болон байгальд үзүүлэх сөрөг нөлөө бий юу?
-Аливаа зүйл олшроход их бага хэмжээний сөрөг үр дагавар гарна. Энэ нь цаашдаа улам их нэмэгдвэл олон төрөл зүйлийн ургамлыг идэх зэргээр сөрөг үр дагавар гарч болзошгүй. Гэхдээ ямар нэгэн халдварт өвчин дамжуулах хор нөлөө байхгүй. Яагаад гэвэл халуун орны шумуул шиг өвчин дамжуулдаггүй гэдгийг дэлхийн шинжлэх ухаан баталсан шүү дээ. Эдгээр амьтдын олширч байгаа үзэгдэл 30-35 хоног үргэлжлээд хэвийн хэмжээндээ орно. Байгаль өөрөө аливаа зүйлийг тэнцвэрт оруулж байдаг. Хүн шиг хүйтрэхээр дулаан хувцас өмсөнө гэсэн ухамсар тэдэнд заяагдаагүй юм шүү дээ. Ийм үзэгдлийг экологитой холбож зөв тайлбарлаж байх учиртай. Энэ асуудалд аймаг бүрийн Мэргэжлийн хяналт сайн анхаарах нь зүйтэй. Өнөөдөр хүмүүс энэ талаар бүрэн мэдээлэлгүй байгаа нь тухайн аймгийн хариуцсан мэргэжилтний алдаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Д.Мягмарзаяа
Сэтгэгдэл ( 0 )