Н.Энхболд: Сумандаа хог боловсруулах АШГИЙН БУС ҮЙЛДВЭР барьж байна

Админ | Zindaa.mn
2021 оны 10 сарын 02

Төв аймгийн Жаргалант сум бол газар тариалангийн бүс нутаг юм. Жил бүр хавар, намартаа их ажил ундардаг тус сумын Засаг дарга Н.Энхболдтой цаг үеийн талаар ярилцлаа.


 

-Төв аймгийн Жаргалант сум дахь газар тариалангийн бүс нутагт ургац хураалт хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-Хаврын тариалалтын мэдээгээр төмс 9079 га, хүнсний ногоо 327 га, ногоон тэжээл 3700 га, тосны ургамал 3000 га, эмийн ургамал 30 га, үр тариа 13,434 га газар таригдсан.  Төмс хураалт 70 хувьтай явагдаж байна.

-Нэг га талбайгаас авах ургацын хэмжээ ямар байгаа вэ?

-Энэ жил хур бороо элбэг байсан учраас ургацын хэмжээ бага зэрэг буурсан. Нэг га талбайгаас дунджаар 4-15 тонн төмс хурааж байна. Энэ нь таван мянган га талбайд төмс тарьсан хэмжээтэй тэнцэхүйц байна.

-Оюутнуудыг ургац хураалтын ажилд гэрээгээр авчирч ажиллуулахад ажил хэр урагштай байна вэ?

-Энэ жилийн хувьд анх удаагаа Боловсролын их сургуулиас 300-аад оюутан авчирч тариаланчдадаа туслууллаа. 10-аад айлд хуваагдаад ажиллахад их ажил амжуулж байгаа юм. Цаашдаа ч ингээд гэрээ хийгээд ажиллуулаад явахад болохоор юм байна. Бид үүнийг зохицуулахаас илүүтэй Хөдөө аж ахуйн яам өөрөө бодлогын байгууллага учраас ургацаа хэрхэн хурааж авах тал дээр бодлого боловсруулах хэрэгтэй.

-Төмсний үнийг тогтворжуулахад ямар бодлого хэрэгтэй вэ?

 -Миний харж байгаагаар Улаанбаатар хотын бүх цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг улсын төсвөөр хоолны ногоо авдаг байгууллагууд нэгдсэн журмаар манай сумтай гэрээ хийх нь зөв. Төр өөрөө амарчлаад “Барс” худалдааны төвийг төрийн өмчит газар болгосон байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй тариаланчид  төмсөө Барсын хашаанд буулгахаас өөр аргагүй болж байгаа юм. Ченжүүдийн гар дээрээс төмсний үнэ  нэмүү өртөг нэмэгдээд цэцэрлэг, сургуулиудын гал тогоо руу очдог. Манай  сумын тариланчид төмсөө 350 төгрөгөөр өгөхөөр ченжүүд цаашаа 550 төгрөгөөр дамладаг. Төр энэхүү механик системээ л өөрчлөх хэрэгтэй.

-Төмсний тариалалтаас гадна өрх бүр орлоготой болох боломж бий юу?

-Өрх бүр төмс тарихаар зах зээлийн түгжрэл үүсээд байгаа юм. Энэ нь дээр дурдсан ченжүүдийн гараар дамжиж тариаланчдын хөдөлмөр үнэгүйдэж байгаа явдал шүү дээ. Тиймээс хүнсний ногооны төрлийг нь нэмэгдүүлээд сонгино, саримс, лууван, өргөст хэмх, улаан лооль гэх мэт нарийн ногоог их хэмжээгээр тарьдаг болъё гэж зорьж байгаа. Хогийн цэг рүү татсан тогныхоо ойролцоо өвлийн хүлэмжийн том аж ахуй байгуулъя гээд төлөвлөсөн.

-Хогийн цэг рүү тог татаж хог дахин боловсруулах үйлдвэр барьж байгаа гэлүү?

-Тийм. Сум орон нутагтаа хогийг хоёрдогч түүхий эд болгож ангилах үйлдвэр барьж байна. Хогны 40-50 хувийг эзэлдэг гялгар уут, хуванцар сав, төмсний шуудай гэх мэт хайлдаг материалаар нь газар тариалангийн хашааны шон хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Хамгийн анх 30 сая төгрөгний төсөвтэй хогны хашаа барина гэсэн төлөвлөгөөтэй байсан ч үүнийгээ бид хоёрдогч түүхий эд боловсруулдаг үйлдвэр болгохоор зорьсон. Хог дахин боловсруулах үйлдвэрээ бариулахаар таван удаа тендер зарласан боловч нэг л компани оролцсон. Үйлдвэр баригдаад хогоо боловсруулаад эхлэхээр   Борнуур, Баянчандмань, Сүмбэр зэрэг сумдаас дахин боловсруулах хог  авч хоёрдогч түүхий эд болгох юм. Үйлдвэртээ ажлын байр, амрах байр, усанд орох дүшийг бэлдэж өгнө. Гадаа орчиндоо мод тарьж ойн зурвас болгох зорилттой байна. Байгаль орчноо цэвэршүүлэх, ашгийн бус үйлдвэр санаачлан эхлүүлсэн анхны сум болж байгаадаа баяртай байна.

-Цаашид сумын хэмжээнд ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байгаа вэ?

-Ард иргэд, залуучуудаа нийгмийн төлөвшил тал дээр нь анхаарч ажиллана гэж боддог. Улсын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжийг хөгжил гээд ойлгоод байдаг. Нийгмийн төлөвшил ихээхэн хоцрогдож үлддэг. Иймээс Жаргалант суманд хуучин байсан “Хөдөлмөр зуслан”-г сэргээнэ. Нэг эргэлтэндээ 50 хүүхдийн ээлжтэй бөгөөд Монгол ахуйн хэв маягаар зуслангаа барина гэж ярилцаж байгаа. Хүүхдүүд зуслангийн гэртээ ирээд галаа өөрсдөө түлээд, бороо орсон өдөр өрхөө татаж, монгол наадгайгаар тоглох юм. Манай сумын малчдаас гүү авч барих, үхрээ авчирч саалгах зэрэг туслалцаа дэмжлэг ирсэн. Энэ нь хүүхдийг мал аж ахуйд сургах ач холбогдолтой.

-Цар тахлын үед эмнэлэг, эмнэлэгийн ажилчдын ачаалал хэр их байна вэ?

-Жаргалант суманд коронавирусээр өвчлөх тохиолдол их гарч байна. Энэ нь намрын ажлын үеэр гадны хүмүүс их ирдэгтэй холбоотой. Нэгдсэн бодлоготой боловсон хүчингүйгээс болоод эмнэлэгийн ажилчдын ажиллах ачаалал их байна. Боловсон хүчний асуудал дээр их анхаардаг. Эмчийн чиглэлээр сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг гэрээ хийж төлөөд эргээд сумандаа ирж ажиллах нөхцөл тавьдаг. Ингэж гэрээ хийсэн хоёр оюутны нэг нь төгсөөд саяхан ажилдаа орсон.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Л.Хонгорзул

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хам явсан нөхөр нь б(150.129.141.51) 2021 оны 12 сарын 13

Энэ лалар бол нов шүү хүн чанар юу ч байхгүй хүнээс үнэгүй юм аваад бүүр сурчихсан

0  |  1
Зочин(64.119.27.88) 2021 оны 12 сарын 13

Манай монголын бүх сумын Засаг дарга нар ийм бүтээлч байвал сайхан байнаа. Амжилт хүсье

5  |  0
Top