ОЛОН ӨНГӨ: Навч бол хог биш алт

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Намрын өдрүүдэд гудамжаар нэг хөглөрдөг навчсын тухай өгүүлэх гэж  байна. Нэг найрагч найз маань навчсыг их өрөвддөг бөгөөд навчис байгалиараа хөглөрч байхад нь хачин дуртай гэнэ. Ямар сайндаа л навч шүүрдээд "зүгээр суухгүй" байгаа цэвэрлэгч эгчийг “Битгий эднийг шүүрд л дээ тэгэх үү “ гэж гуйж байгаад зад загнуулаад авчээ. Наргиа наадам ч яахав, энэ хэдий болсон явдал ч үнэхээр энэ навчсыг хуу хамаад хогийн цэг рүү ачаад байх хэрэг байна уу даа. Харин ч байгальдаа  шингэн үлдэх нь хавар эргээд өгөөж буянаа өгдөг гэнэ шүү. “Навч бол хог биш алт” гэсэн уриа ч гарч навчсыг хумьж бөөгнүүлээд моддын үндсийг хучих, тарьсан модыг тойруулж зулах зэргээр зөнд нь орхичих хэрэгтэй аж. Учир нь навч ялзарч био масс үүсэж, хөрсний үржил шимийг сайжруулдаг, хөрсийг элэгдэхээс хамгаалдаг юм байна. Нэг үгээр хэлбэл үнэгүй бордоо болдог ажээ.

Мөн навч нь намаржингаа газрын сул шороо тоосыг дардаг. Цасан дор дарагдаж хавар чийгийг удаан хадгалж хаврын хавсарга болохоос сэргийлэх гээд зөндөө ач холбогдолтой байдгийг бид мэддэггүй юм байна. Нэг л их "цэвэрч" улс болох гээд хайр найргүй цэвэрлээд газрыг хуурайшуулж, нарийн тоос дэгдээж, хөрсний гэмтэл үүсгэдэг байна. Заримдаа ажилсаг байх дэмий ч юм шиг.  Би ч бас навчсыг салхины аясаар бударсан чигт нь газраар нэг зулсан байхад нь үнэнхүү дуртай. Улаан, ягаан, улбар, шар гээд өнгө өнгийн навчин хээтэй торгон хивсэн дээгүүр гишгэх мэт тансаг мэдрэмжийг төрүүлдэг. Тэгснээ гэнэт навчис бүхэн амьтай шүү дээ хэмээн гансарч тэдний  модноосоо хагацаж буй уйлах, дуулах дууг сонсох шиг болдог доо. Хагацлыг хаман одох хашааны цэвэрлэгчид талархах ч үе байв. Харин одоо найрагч найз шигээ битгий тэднийг шүүрдээч гэж гуйж үздэг ч юм билүү...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(172.69.252.140) 2021 оны 09 сарын 30

Зөв шүү,

0  |  0
Top