Дуртай зүйлээ цуглуулж, түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг олон хүн байдаг. Үүний нэгэн тод жишээ бол СХД-ийн 27-р хорооны иргэн Г.Норжин юм.
Өдгөө 90 насыг зооглож буй Г.Норжин гуай 20 жилийн хугацаанд 200-300 ширхэг шаазан эдлэл цуглуулсан, түүнийгээ үргэлж арчилж цэвэрлэн, цуглуулгаа арвижуулсаар иржээ.
Видео хэлбэрээр үзэх
Эх сурвалж: ТВ8 - "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР
Өвөрхангай аймгийн Сант суманд төрж, өссөн Г.Норжин гуай 58 настайдаа Улаанбаатар хотод суурьшихаар иржээ.
Тэрээр 10 хүүхэд тээж төрүүлэн, тэднийхээ үргэлжлэл болсон 10 ач, зээг ч өсгөж, өндийлгөж яваа буянтай буурал. Зүгээр суух тун дургүй. Хүүхэд харахын хажуугаар хөнжлийн уут, хатгамал зэргийг оёж, шаазан эдлэлээ арчилна.
1962-1983 оны хооронд Монгол Улсын барилга, байгууламжийн гадаад өнгө үзэмжийг сайжруулахад өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн юм билээ. Түүний залуу насандаа хийж байсан энэ ажлыг бага хүү нь өвлөн авчээ.
Тиймээс олон жилийн турш цуглуулсан, нандин шаазан эдлэлүүдээ бага хүүдээ өвлүүлэх бодолтой байгаа гэсэн.
Түүний гэрт ороход л хөдөлмөрч, хичээнгүй, нямбай байдал нь шууд харагдана. Нас 90 хүрсэн ч гэрт, гадаа цэвэрлэгээ хийж, өдрийг өнгөрөөнө. Хөл хөнгөн, сэтгэл санаа сэргэлэн.
“Эмэгтэй хүн хань ижил, үр хүүхдээ цэвэрч нямбай авч явбал эмэгтэй хүн болж төрсний гавьяа юм” гэж тэр хэлэх дуртай. Энэ зарчмаа амьдралын мөрдлөг болгосон нэгэн.
Сэтгэгдэл ( 1 )
Ymar mundag emee be? Ulam urt naslaj udaan jargahiig husen erooe!