“Рио Тинто” ТУЗ-ийн хурлаас өмнө Засгийн газарт тайлбараа ирүүллээ

2021 оны 09 сарын 30

“Оюу Толгой” компанийн ТУЗ өчигдөр /2021.09.29/ оройны 18.00 цагаас хуралдах товтой талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өчигдрийн хурал тодорхой шалтгааны улмаас хойшилж, өнөөдөр үргэлжлэх товтой байгаа юм байна.

 

“Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр байгуулагдсан хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн Тусгай хороо далд уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрсэн нь геотехникийн шалтгаан нөхцлүүдээс болоогүй,  “Рио Тинто”-гийн менежментийн алдаатай холбоотой гэсэн дүгнэлтийг өнгөрсөн наймдугаар  сард гаргасан юм.

Тиймээс ч ТУЗ-ийн хурал өмнөхөөс илүүтэй хэвлэлийнхний анхаарлыг татаж байгаа. “Рио Тинто” Тусгай хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээ ТУЗ-ийн бүрэлдэхүүнд мэдэгдэх учраас хүлээлт үүсгээд буй.

Гэвч хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсны дараа буюу өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр ТУЗ-ийн хурал болсон ч, “Рио Тинто”-гийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болд өөрийнхөө оронд өөр хүн явуулсан учраас далд уурхайн асуудлаар  хөндлөнгийн шинжээчдийн гаргасан тайлан, дүгнэлттэй холбоотой албан ёсны хариултыг ТУЗ-ийн гишүүд  “Рио”-гоос авч чадаагүй.

Мөн энэ сарын 7,8-ны өдрүүдэд ТУЗ хуралдах товтой байсан ч,   “Рио Тинто”-гийн хүсэлтээр түр завсарласан. Тэгвэл өчигдөр товлогдсон  ТУЗ-ийн хурал мөн  хойшлогдлоо.

Гэхдээ “Рио Тинто” ТУЗ-д тайлбараа өгөхөөс өмнө Монголын Засгийн газарт далд уурхайн зардлын хэтрэлттэй холбоотой тайлбараа ирүүлээд байгаа аж. Төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчидтэй хэлэлцээ хийх Ажлын хэсгийг ахалж буй ХЗХД-ийн сайд Х.Нямбаатар  “Рио Тинтогоос Оюутолгойн  зардлын хэтрэлттэй холбоотой тайлбараа ирүүлсэн” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Төслийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газар далд уурхайн үйл ажиллагааг энэ сард багтаан эхлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан.Харин төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”-гийн зүгээс далд уурхайн зардлын 1.4 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийг “Оюу Толгой” компанийн ТУЗ батлах ёстой гэсэн байр суурийг зөрүүлэн илэрхийлсэн юм.

Монголын Засгийн газар ч, “Рио Тинто” ч, “Туркойз Хилл” ч Оюутолгой төслийн үйл ажиллагаа тасалдахгүй, хэвийн явагдах ёстой гэдэг дээр ижил байр суурьтай байгаа. Гэвч дээр дурдсанчлан  зардлын хэтрэлтийн үндсэн шалтгаан нь менежменттэй гэсэн дүгнэлтийг хараат бус шинжээчид гаргасан учаас, цаашид ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэг дээр талууд хэлэлцээний хүрээнд ойлголцол, шийдвэрт хүрэх хэрэгтэй байгаа.

“Рио Тинто”-гийн хариу тайлбартай холбоотойгоор Засгийн газрын Ажлын хэсэг энэ  долоо хоногт хуралдана гэсэн мэдээлэл байна.

Сануулахад, Ажлын хэсэг энэ сарын 2-ны өдөр хуралдсан. ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо уг хурлын талаар хэлэхдээ “Засгийн газрын Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүдийн төлөөлөл орсон. Хамгийн сүүлд есдүгээр сарын 2-ны өдөр Засгийн газрын Ажлын хэсэг хуралдаж, Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл, санал солилцсон. Яриа хэлэлцээг амжилттай болгоход бид нэгдсэн байр суурьтай байх нь чухал. Засгийн газрын Ажлын хэсгийн үндсэн зорилго бол “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх шүү дээ” гэсэн юм.

Далд уурхайн зардлын талаар Тусгай хорооны дүгнэлт гарсны дараа “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниудын зүгээс Монголын Засгийн газрын тэргүүнд хаяглан илгээсэн захидалдаа, ойлголцох, зөвшилцөх хэд хэдэн саналуудаа дурдсан талаар Засгаас мэдээлсэн.

Тухайлбал, ногдол ашгаас урьдчилсан байдлаар өгөх талаар дурдсан байгаа юм.  Ногдол ашгийн мөнгөнөөс урьдчилан авахын тулд бид тэдний тавих нөхцлийг сонсох хэрэгтэй болох учраас Засгийн газар ямар байр суурьтай хандаж байгаа вэ? гэдгийг дэд дарга Б.Солонгоогоос асуухад:

Мэдээж бид ирүүлсэн саналыг нухацтай судална. Ямар нөхцөлөөр тавьж байгаа санал болохыг нягталж шалгах шаардлагатай. Бид “Рио Тинто” компаниас хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулж тайлбар одоо болтол аваагүй байна. Энэ талаар илэн далангүй, нээлттэй ярилцах шаардлагатай. Цаашид “Оюу Толгой” компанийн менежментийг сайжруулах, төслийн үр ашгийг нэмэгдүүлэх, эрчим хүч дотоодоос худалдаж авдаг болох зэрэг шийдэх асуудал олон бий.

Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюу Толгой” компани 2017 оноос эхлэн дотоодын эх үүсвэрээс эрчим хүч худалдаж авах маш тодорхой үүргийг тусгасан байсан. 2009 оноос хойш энэ үүргээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан. Энэ хугацаанд эрчим хүч дотоодоос худалдаж авах хэд хэдэн хувилбарыг судалж, төсөл ч хэрэгжиж эхэлж байсан. Одоо төрийн өмчид байх Таван толгойн цахилгаан эрчим хүчний төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Үүнээс өмнө “Рио Тинто”, “Оюу Толгой” компани өөрийн хөрөнгөөр цахилгаан станц барихаар судалж байсан. Төслийн хөрөнгө оруулалтын зардал маш өндөр байснаас гадна нүүрсний төсөлд хөрөнгө оруулалт хийвэл хөрөнгө оруулагчид нь шүүмжилнэ гэсэн шалтгаанаар төслийг өөрсдөө хэрэгжүүлэхэд төдийлөн дуртай байгаагүй буюу хурдан шийдвэрлээгүй юм билээ.

Ажлын хэсгийн зүгээс 2020 оны арваннэгдүгээр сард Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан гэрээний хэрэгжилтэд дүгнэлт хийх санал гаргаж “Рио Тинто” татгалзах зүйлгүй гэж байсан. Бид маргаан үүсгэдэг асуудлаар ойлголцох, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш хугацаанд алдаа оноо юу байв гэдэг дээр дүгнэлт хийхэд 12 жил хангалттай урт хугацаа. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад 12 жил болох гэж байна шүү дээ. Цаашид энэ асуудлыг үргэлжлүүлээд ярилцах боломжтой гэж харж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bolohgui shuu.(64.119.23.197) 2021 оны 09 сарын 30

ene 1.4 terbumiin hetereliig estoi batlaj bolohgui dandaa ingej zardalaa osgoj mongoliig orond oruulij bna..anh dongoj 5 terbumaar barin gesen tosol odoo 17 terbum bolood bna. il uurhai dald uurhain niileed shuu..

0  |  0
Top