ЭМГЭНЭЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Сумын уугуул иргэн, Монгол улсын гавъяат багш, Гүн ухааны доктор, профессор, номч мэргэн, их гүүш, Мөнх тэнгэр судлалын олон улсын академич Рэвдэлийн Рэгзэндорж нь 1929 онд Дадал сумын нутагт Онон Балжийн уулзвар “Балжийн дөрөө” гэдэг газарт төрсөн. Бага дунд сургуульд суралцаж төгсөөд, Намын дээд сургууль, Ленинградын их сургууль, Коммунист намын дээд курсийг тус тус дүүргэсэн. Бага сургуулийн багшаас эхлэн Намын дээд сургууль, УБИС-д гүн ухааны багшаар 30 гаруй жил ажиллажээ. Тэрбээр “Социалист хөдөлмөрийн хөдөлгөөн, түүний БНМАУ дэх шинэ хүний хүмүүжлийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр дэд докторын, “Монголд бие хүний төлөвших онол практикийн асуудал” сэдвээр докторын зэргийг ЗСБНХУ-д тус тус хамгаалсан.

Мэргэжлийнхээ чиглэлээр болон түүх, түүхэн замналаар 30 гаруй ном зохиол бичиж хэвлүүлсэн ба эрдэм шинжилгээний ба сурталчилгааниы чиглэлээр 200 гаруй өгүүлэл, нийтлэл бичиж эрдэм шинжилгээний эмхэтгэл, сонин сэтгүүлүүд нийтлүүлсэн. Мөн “Буриад бөө мөргөл ”, Буриадын Алтаргана наадам, Дадал сумын түүхийг бичиж хэвлүүлсэн. “Деаликтик материализм”, “Түүхийн материализм”, “Марксист ёсзүйн үндэс”, “Монгол бие хүний төлөвшлийн асуудал” зэрэг олон тооны сурах бичиг, оюутнуудад зориулсан гарын авлага, хамтын бүтээлүүд бичсэн байна. Мөн олон оюутны бакалаврын, магистрын болон докторын ажлыг удирдаж амжилттай хамгаалуулсан ба эрдмийн зэрэг хамгаалсан олон хүний бүтээлүүдэд албан ёсны шүүмж бичжээ.

Р.Рэгзэндорж нь Доктор, профессор, Боловсролын тэргүүний ажилтан, Монгол ёс заншил судлалын олон улсын холбооноос “Номч мэргэн, их гүүш” цол, Олон улсын академийн хүндэт доктор цолуудыг хүртсэн байна.

Р.Рэгзэндорж багшийн Монголын түүх, иргэний хөгжлийн асуудлаар улсад оруулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлэн “Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” мөн “Монгол улсын гавъяат багш” цол тэмдгээр шагнасан байна.

Их бичгийн хүн, эрхэм багш таны сумынхаа түүхийг бүтээх, алдаршуулахад оруулсан их зүтгэл, хөдөлмөрч хичээнгүй, бусдыг хөгжөөсөн хошин зан чанар, хаана ч явсан өөрийн зохиосон шүлгээрээ төрж өссөн нутгаа магтаж байдаг тэр л төрх тань үүрд бидэнд дурсагдах болно.

Монгол орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрийн олон жилийн хүч хөдөлмөрийг зориулж бодитой хувь нэмрийг оруулсан Монгол улсын гавъяат багш, Гүн ухааны доктор, профессор, номч мэргэн, их гүүш, Мөнх тэнгэр судлалын олон улсын академич Рэвдэлийн Рэгзэндорж таныг бурхны оронд заларсанд нутгийн зон олон бид эмгэнэн гашуудаж байна.

Та минь Бурхны орондоо амгалан тайван нойрс доо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмгэнэл(122.201.26.172) 2021 оны 09 сарын 30

Эрхэм багшийн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье

0  |  0
Top