Чуулган хаалттай хуралдаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 01

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2021.10.01/ нээлтээ хийлээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 14:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ. Чуулган хаалттай хуралдана, гишүүд бүгд оролцохыг хүсэж байна" гэж мэдэгдлээ. 

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өчигдөр /2021.09.30/ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулсан. 

Хуралдаанаар хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тодруулбал, экосистемийн доройтол, цөлжилт, түүнийг сааруулах арга зам, шийдлийн талаар хэлэлцсэн юм. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн гэж заасан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол орны хэмжээнд экосистемийн доройтол, цөлжилтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх цаг ирсэн гэдгийг хэлж, энэ чиглэлээр гаргасан тодорхой санаачилга буюу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өгсөн. Улмаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, цөлжилт болон агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Ерөнхийлөгчийн зарлиг гарах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдсэн байдаг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top