2015 он шувтрах дөхөж байлаа. Хөрөнгө оруулагчтай хамтраад Politiк.mn нэртэй сайт нээгээд ердөө хоёр, гурван сар болж байсан юм. Шуурхай мэдээний сайтууд дундаас даацтай нийтлэл, бичлэг, улс төрийн өнцөг, байр сууриараа дорхноо ялгарч, цаашаа нэлээн амжилт олж мэдэх төлөвтэй байв аа. Тэгсэн он солигдохын наахнатай нэг өдөр Б.Тэмүүлэн эрхлэгч надад санал хэллээ. Тэр нь “Өглөөний сонин”-ы эрхлэгчийн ажил. Би ер нь сонины эрхлэгч хийх тухай бодож байсангүй. Тэр хэмжээнд ажиллаж чадна гэдэг төсөөлөл ч өөрт байсангүй. Яагаад гэхээр тэр бол маш өндөр хэм хэмжээ юм. Монголын радиогийн захирал агсан П.Баярсайхан, “Өнөөдөр” сонины эрхлэгч Ц.Балдорж, News.mn сайт, “Ардын эрх” сонины эрхлэгч Б.Тэмүүлэн эрхлэгч, Д.Нарантуяа эрхлэгч гээд өөрт минь өндөр дээд хэм хэмжээ болж харагддаг тэднээр л төсөөлдөг ажил учраас тэр шүү дээ.
Гэвч сонин хийнэ гэхээр л сэтгэл татагдаад явчихлаа. Шинэ эхлүүлсэн сайхан сайт, итгэсэн хүмүүс гээд ажлаа солиход амаргүй санагдлаа. Ингээд давхар ажиллахаар болоод “Өглөөний сонин”-ы эрхлэгчээр ирлээ. Надад ажлаа хүлээлгэж өгсөн Л.Нинжжамц эрхлэгч санхүү тооцоо бүх зүйлийг ян тан болгоод бэлтгэчихсэн. Нэг хуудас цаасан дээр ажил солилцсон тэмдэглэлд гарын үсгээ зурж үлдээгээд л надад том хариуцлага тохсон сон.
Сэтгүүл зүйн гал тогоо гэдэг сонин шүү. Хаана ч, аль ч редакцид яваад орсон дандаа найз нөхөд, танилууд маань байж байдаг. Өөр, шинэ газар ирчихлээ, хаанаас нь хэнтэй танилцаж эхлэх вэ гэхийн зовлонгүй, ёстой л хил хязгаар, хүний өөрийн гэх юмгүй тийм сонин салбар. Өглөөний шуурхай хурлаа хийж дуусгаад, аягатай кофегоо бариастай тамхины цэг рүү очиж, сэдэв санаагаа үргэлжлүүлдэг зуршилтай. Яриа хөөрөө яг таг, яв цав нийлнэ. Өчигдөр нэг редакциас халагдаад өнөөдөр нь өөр редакцид ажилд орлоо гэхэд хэнд маань ч бишүүрхэл огт төрдөггүй нь гайхам.
“Өглөөний сонин”-ы редакц, хамт олон маань хачин сайхан угтан авсан юм. Өдгөө 15 жилийн ойтойгоо золгож байгаа тус сонины анхны дугаараас хамт явсан хүмүүс олонтой. Б.Сайнбаяр, Ж.Нарангэрэл, Э.Мөнхзаяа, Ж.Гал-Эрдэнэ, Р.Саруултөгс, Б.Төрбат нарын сэтгүүлчид, оператор Ч.Мөнхжаргал, санхүүгийн дарга Л.Амарзаяа, хорвоогийн үй түмэн ажил дундаас сонин борлуулагчийн ажлыг сонгож насаараа энэ тогоонд үйж яваа Н.Амгалан эгч, хэвлэх үйлдвэрийн механик Батмөнх, Мэндбаатар нар маань намайг эрхлэгчээр хүлээн авсан билээ.
Би гурван жил “Өглөөний сонин”-ы сонины эрхлэгчээр ажилласан. Олон ч дугаарын ард гарч, хамт олон л болсон хойно баяр үдэшлэг, бар сав, аялал зугаалга, найр хурим гээд олон сайхан мөчүүдийг хамтдаа туулсан юм.
Р.Хадбаатар эрхлэгч, Д.Нинжжамц эрхлэгч, Мөнх-Эрдэнэ эрхлэгч гээд надаас өмнө ажиллаж байсан, урт богино хугацаанд орж гарсан хэн бүхнийг хамгийн сайн сайхнаар нь бахдан хөөрч ярьдаг уламжлалтай хамт олон байв. Эрхлэгч нараа, сэтгүүлч найз нөхдөө чадал, чадвар, ур ухааныг нь бодитой тодорхой жишээгээр ярьж, бахархаж чаддаг “Өглөөний сонин”-ыхон олон сайхан зан чанар, төлөвшил, хатуужил, сахилга бат суусан баг байлаа. Надад үнэндээ ийм сайн бэлтгэгдсэн редакц, хамт олон таарч, түшсэн учраас би азтай эрхлэгч байлаа. Тэр хэрээр бэрхшээл бага байсан билээ. Үүсгэн байгуулагчдын, үе үеийн сэтгүүлчдийн үлдээсэн өв, уламжлал гэдэг ямар үнэ цэнтэй чухал зүйл болохыг ойлгосон доо.
Хурц дайчин, хэнээс ч айхгүй хэлэхээ хэлж, бичихээ бичдэг тийм хурц тод өнгөтэй “Өглөөний сонин”-ы ирийг мохоохгүй гэж хичээж ажилласан он жилүүд маань миний амьдралд бас л тийм тодоор үлдэнэ. Мөн улам илүү хичээх байсан даа гэдэг зэм ч өөртөө өгөх нь бий. Сэтгүүл зүйн салбарт намайг “том” болгосон “Өглөөний сонин” маань өнөөдөр 15 жилийн ойтойгоо золгож байна. Би Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн мэргэжлийн ёс зүй, хууль хариуцсан дэд ерөнхийлөгчийн ажлыг нөхдийнхөө дуудлагаар хүлээн авч, сонины эрхлэгчийн ажлаа эрхэм дүү Э.Энхболддоо шилжүүлэн өгсөн билээ.
Эрхлэгч гэдэг зөвхөн ажлын байрны тодорхойлолт биш. Манай сэтгүүл зүйн салбарт бол энэ нь цол. Эрхлэгчийн ажлаа өгөөд явсан ч редакцийн хэддээ үргэлж эрхлэгчээрээ дуудуулсаар явна. 15 жилийн ой. Энэ хоёр тооны ард дахиад нэгээр тогтохгүй тэг нэмэгдтэл урт удаан оршин тогтнох болтугай. Сэтгүүл зүй, сэтгүүлчдийн яруу алдар бадартугай. “Өглөөний сонин”-ынхондоо, эрхэм уншигчдадаа баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн талархлаа илэрхийлье!
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )