УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2021.10.01/ нээлтээ хийсэн билээ.
Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай хамтарч, бас сайд нараас нь хариуцлага нэхэж ажиллахаа мэдэгдсэн. Ялангуяа саяхан шатахууны хомсдол үүсгэж ажлын хариуцлага алдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг тодотголоо.
Тэрбээр "Энэ хүнд нөхцөлд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, улсынхаа эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газраас дэвшүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг УИХ байнга дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа ч үргэлжлүүлэн дэмжиж, хамтарч ажиллах болно. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно гэдгийг анхааруулъя. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар ард олныхоо төлөө чин сэтгэлээсээ, сэтгэлээ чилээж онцгой нөхцөлд онцгой хариуцлагатай байх ёстойгоо умартаж огт болохгүй. Чадахгүй, мэдэхгүй байгаа бол үнэнээ хэлдэг байх хэрэгтэй. Саяхан шатахууны хомсдол үүсэж, нийгэмд нэлээд бухимдал үүсгэлээ. Хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлж чадаагүйгээ ажил хариуцсан хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм алдаа илүү том эрсдэлд хүргэж болзошгүй тул Сайд нар өөрийн салбарт ямар эрсдэл байгаа, хүндрэлтэй асуудлууд яагаад үүсэж буй шалтгааныг бодитой тодорхойлж, шуурхай зохицуулж, шийдвэртэй арга хэмжээ цаг алдалгүй авч байх шаардлагатай байна" гэж хэлсэн юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр шатахууны хомсдол үүсэхэд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг үүрэгдсэн.
Өөрөөр хэлбэл, салбарын сайд Г.Ёндонд шатахууны хомсдол үүсэх нөхцөл байдал бий болоход аль шатандаа алдаа гаргасан эсэхийг тогтоож, тэрхүү албан тушаалтанд хариуцлага тооцохыг даалгасан юм.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Одоогоор яам дээрээ асуудлыг ярилцаж, хэн хэн хариуцлага алдсан, хэнд хариуцлага тооцохоо тодорхой болгоно. Хариуцлага тооцно" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн байдаг.
Сэтгэгдэл ( 0 )