Монгол-Оросын хамтарсан дунд сургууль байгуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 02


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр (2021.10.01) ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай утсаар ярьжээ.

Энэ үеэр хоёр улсын сайд нар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах асуудлыг хөндсөн байна. 

Түүнчлэн Гадаад харилцааны сайд нар хоёр тал Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойг энэ оны туршид худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон салбарт өргөн агуулгатай арга хэмжээ зохион байгуулан угтаж буйд баяртай байгаагаа онцлон тэмдэглээд, оны үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлалын талаар санал солилцсон аж. 

Мөн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг зохион байгуулах нь чухал болохыг сайд нар онцлон тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд нар энэ үеэр хоёр талын худалдаа, дэд бүтэц, боловсролын салбарын хамтын ажиллагааны зарим тулгамдсан асуудлыг хэлэлцжээ. 

Тухайлбал, “УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар ярилцаж, Улаанбаатар хотод Монгол-Оросын хамтарсан дунд сургууль байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. 

Сайд нар мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top