Э.Энхболд: "Өглөөний сонин"-ы зүтгэж ажилласан он жилүүдийн гэрч нь уншигч та бүхэн

2021 оны 10 сарын 02

Монголын өдөр тутмын "Өглөөний сонин" 15 жилийн ойтойгоо золголоо. Ойн баяраа тохиолдуулан сониныхоо үе үеийн уран бүтээлч, хамт олон, уншигчдадаа илгээсэн Өглөөний сонины Ерөнхий эрхлэгчийн зурвасыг хүргэе.


Монголын хэвлэл мэдээллийн салбар, тэр тусмаа өдөр тутмын сонинуудын орон зайд “Өглөөний сонин” хэмээх айл өндөр үүдээ дэлгэж, өрхөө татсан цагаас хойш 15 он улирчээ. Өдөр тутмын сонины хувьд 15 жилийн турш өглөө бүр уншигчдынхаа оюун санаанд хүрнэ гэдэг асар урт хугацаа хийгээд нөр их хөдөлмөр билээ.

Өдөр тутмын сонинууд дунд өөрийн гэсэн өвөрмөц төрх, нийтлэлийн бодлогоороо ялгарч ирсэн “Өглөөний сонин”-ы тулгын чулууг тулж, анх галыг нь асаасан Ерөнхий эрхлэгч, сэтгүүлчдээс эхлээд үе үеийн уран бүтээлчдийн халуун зүтгэл, оюун ухаан шингэсэн нэгэн том ертөнцийг өдгөө залуус бид түүчээлэн яваадаа туйлын бахархаж байна.

Өнгөрөгч 15 жилд нийгэм, улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, соёл урлаг гээд нийгмийн бүхий л салбарт асар том өөрчлөлт орж, цаг эрин юутай ч зүйрлэх аргагүй хурдаа гайхуулах болов. Тэр тусмаа нийгмийг түүчээлэгч хэвлэл мэдээллийн салбарт эрс өөрчлөлтүүд гарлаа. Хүн төрөлхтний энэхүү хөгжил дэвшлээс гээгдэж үлдэхгүйн тулд зүтгэж ажилласан он жилүүдийн гэрч нь уншигч та бүхэн билээ.

Дэлхий нийтэд гарч буй цаг уурын өөрчлөлт,  техник технологийн ололт, оюун санааны хөгжил, одон гарагийн байрлал, хүний нийгмийн зохион байгуулалт гээд бүхий л салбар, бүтэц дундаас уншигч тантай хамт байсан 15 жил амжилт өөд тэмүүлсэн цаг хугацаа байв. Гэрэл сүүдрийн орчлонд бид бүхэн ч алдаа онооны тэнг үүрч дүүрч ирсэн боловч алдахаасаа онох нь их байсан гэдэгт хамт олныхоо өмнөөс итгэлтэй байна. Гагцхүү “Өглөөний сонин” уншигч таны оюун санааны цар хүрээгээр хэмжигдэх учраас 15 жил хамт байсан уншигч танд юу юунаас илүү баярлаж байгаагаа илэрхийлэх учиртай.

Өдөр тутмын сонины хүнд нүсэр хөдөлмөр, өрсөлдөөнтэй зах зээлд өсч өндийх, өргөжин тэлэх гэдэг тийм ч амаргүй. Олон сорилтын дунд шантралгүй зүтгэж, өглөө бүр шинэ сонин гаргахаар яаран тэмүүлэгч сэтгүүлчдийн ажил асар хариуцлагатай ч амттай сайхан хөдөлмөр билээ. Өнгө зүсээ өөрчилдөг үйл явдлууд дунд өөрийн ноён нуруу, нийтлэлийн бодлого, мэргэжлийн ёс зүй, чиг баримжаагаа алдахгүй явах нь ч хялбар зүйл биш. Тэр тусмаа олон намын системт нийгэм, олон ургальч үзэл бүхий түмний дунд өөрийнхөөрөө оршин тогтноно гэдэг хүнээр бол тэвчээр, эр зориг, хүсэл тэмүүлэл шаардсан ажил юм. Гэвч энэ бүхний алтан тэнг тэнцүүлж, алдаа оноог шүүн тунгаан, үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн хамт олноороо бахархаж байна. 

“Өглөөний сонин” хэмээх их айлын тулгын чулууг нь анх тулж, галыг нь таслалгүй бадрааж ирсэн үе үеийн ерөнхий эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, албадын дарга, сэтгүүлч, сурвалжлагч, уран бүтээлч, нийт алба хаагчдад түүхт ойн баярын мэндийг дэвшүүлж байна.

Ерөнхий эрхлэгч Э.Энхболд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top