О.Оюунтунгалаг: Хос бичигтэн болоход багш нарын гүйцэтгэх үүрэг их

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Боловсролын газрын Монгол хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн, багш О.Оюунтунгалаг, шавь Ү.Энхжингийн хамт “Багш, шавийн барилдлага” уран бичлэгийн үзэсгэлэнгээ аймагтаа өнөөдөр гаргаж байгаа юм. Энэ өдрүүдэд Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдөр тохиож байгаа бөгөөд тус үзэсгэлэнг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дэмжин ажиллажээ. Түүнтэй холбогдож, монгол бичиг, уран бичлэгийн үзэсгэлэнгийнх нь талаар тодрууллаа.


-“Багш шавийн барилдлага” уран бичлэгийн үзэсгэлэн гаргаж байна. Үзэсгэлэнгийн тань гол зорилго юу вэ?

-Энэ өдрүүдэд Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдөр, Монголын орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн дэмжлэгтэйгээр шавь Ү.Энхжинтэйгээ хамтран “Багш шавийн барилдлага” уран бичлэгийн үзэсгэлэнгээ Хөвсгөл аймгийн Мөрөн хотод өнөөдөр нээж байна.

Энэ үзэсгэлэнг бол багш хүн зөвхөн хичээл заадаг сурагчтайгаа хамтарч ажиллахаар хязгаарлагдаж болохгүй, аливаад нээлттэй эрэл хайгуулч, бүтээлч байж, амьдарч буй газар орон нутагтаа соёл боловсролыг түгээж, зөв манлайлагч байхыг уриалж энэ үзэсгэлэнгээ гаргаж байгаа.

Цаашид жил бүрийн тавдугаар сард Үндэсний бичиг үсгийн өдрөөр “Сүегэр”, аравдугаар сард багш нарын баяраар “Багш шавийн барилдлага” үзэсгэлэнг зохион байгуулж, хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна.

-Шавийн эрдэм багшаас гэдэг. Багш болсноосоо хойш олон сайн шавьтай болсон уу?

-Сайн шавийг багш өөрөө л бүтээдэг. “Багш аа” гээд зориод ирж байгаа хүүхдийн суурь чадвар, хүмүүжил, сурах арга барил ямар байх нь хамаагүй. Тэр хүүхдийг байгаа түвшингээс нь ахиулж, хүсэл сонирхлыг нь тордож, өмнөө тавьсан зорилгодоо хүртэл нь гараасаа, сэтгэлээсээ тавихгүй л хөтөлж явах хэрэгтэй гэж боддог. Түүнээс биш аль сайн, эрдэм боловсролтой болоод заяачихсан хүүхдийг олж авч, олон түмэнд миний шавь гэж зарлах тийм ч таатай биш. Ингэж л хүнээр хүн хийнэ. Сайн шавийг төрүүлэх нь багш хүний хүч хөдөлмөр, ур чадвартай холбоотой. Хэдийгээр би залуу багш ч гэлээ олон сайхан шавь заяасан. А.Амармөрөн, Б.Оюун-эрдэнэ, Д.Хүрэлсүх гээд зарим нь одоо мөр зэрэгцэн багшилж байна. Өнөөдөр хамт үзэсгэлэн гаргаж байгаа шавь Ү.Энхжин “Бийрээр бичих чадвараа хөгжүүлмээр байна” гэж намайг анх зорьж ирж байлаа. Миний сонирхол, шавийн минь хүсэл хоёр нэгдэж жилээс жилд чадваржин, дараа дараачийн шатанд ахисаар л байна.

-Аймгийнхаа багш нарыг чадавхжуулах тал дээр ямар ажлууд хийж байна вэ?

-Хөвсгөл аймгийнхаа Боловсролын газрын монгол хэлний боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа учраас тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж байгаа. Аймгийнхаа монгол хэл, бичгийн 160 багшийг арга зүй, удирдлагаар хангах, зөвлөн чиглүүлэхээс гадна Хэлний бодлогын Хөвсгөл аймгийн салбар зөвлөлийн нарийн бичгийн үүрэгт ажлыг гүйцэтгэдэг. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх, аймгийнхаа хэл, бичгийн бодлогыг зангидах хариуцлагатай үүргийг хүлээдэг. Тэр ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУИС, МУБИС-ийн Хэл шинжлэлийн эрдэмтэн багш нар, “Хүмүүн бичиг” сонины хамт олонтой нягт холбоотой, хамтарч ажилладаг.  Манай аймагт 2013 оноос хойш “Эх хэл бидний бахархал” аяны хүрээнд иргэд, төрийн албан хаагчид, оюутан сурагчдыг хамруулан, эх хэлний сорилго уралдаан, үзэсгэлэн, зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн. "Монгол хэлний тухай хууль”-ийн 7.2-д “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан. Цаашид үндэсний бичгийн гуравдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үндэсний бичгийг төрийн бүх шатанд нэвтрүүлэх, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэлийг хангах, төрийн албан хаагчид, иргэдийн монгол хэл, бичгийн мэдлэгийн түвшин, хэрэглээний чадварыг дээшлүүлэх, сурах идэвх хандлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэлтэс агентлагийн дарга нар алба хаагчдынхаа хэл бичгийн боловсролыг дээшлүүлэх, үндэсний бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэх, монгол хэл, бичгийн багш нар мэдлэг чадвараа дайчлан ажиллах цаг үе ирсэн. Аймгийн ЗДТГ, БСУГ, “Титэм” ЕБС, Хэлний бодлогын Хөвсгөл аймгийн салбар зөвлөл хамтран, “Эх хэл бидний бахархал” арга хэмжээг “Төрийн албан хаагчдын хэл, бичгийн боловсролыг дээшлүүлэх арга зам, санаачилга, шийдэл” сэдэвт зөвлөгөөнийг хоёр жилд  хэл, бичгийн багш нарын “Оюуны хэлхээ” мэргэжлийн онол, арга зүйн сургалт, Төрийн албан хаагчдын  эх хэлний багийн сорилгыг жил бүр зохион байгуулж байна. Энэ жилийн тухайд төрийн албан хаагч, иргэдийн хэл, бичгийн хэрэглээнд зориулсан "Өврийн ном", Монгол хэл, бичгийн цахим 40 хичээлийг мэргэжлийн багш нартайгаа хамтран боловсруулж, бэлтгэн хүргэсэн. Цаашид жил бүрийн дөрөв, аравдугаар сард аймгийнхаа нийт төрийн албан хаагчдын монгол хэл, бичгийн мэдлэг, хэрэглээний чадварын түвшин тогтоох, явц, ахицын үнэлгээг зохион байгуулж, 2023 оноос төрийн байгууллагуудад албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах туршиж эхлэх төлөвлөгөөтэй байна.

-Үндэстнийхээ хэмжээнд үндэсний бичиг соёлоо хэрхэн цаашид хадгалж, хэрэглэж, өвлүүлж занших вэ?

-Монгол хэл, бичиг бидний мөн чанар, үнэ цэнийг тодорхойлно. Ийм хэл, бичигтэйдээ л бид өдийг хүртэл тусгаар тогтносон, бүрэн эрхт улс хэмээн оршсоор байгаа. Ийм мэдрэмжийг, ийм зан төлөвшлийг монгол хүн бүр хүүхэд ахуй насандаа цэцэрлэг,  сургуулиар дамжуулан олж авсан байдаг. Гэтэл монгол иргэн болж өсөж өндийхийн цагт эх оронч үзэл сэтгэлгээг тордож өгөх орчин нөхцөл байхгүй, үндэстнээрээ аюулгүй амар тайван, элбэг хангалуун амьдрах орчин бүрдээгүй байдаг нь монгол залуусын зориг зүрхийг мохоож байна. Нийтээрээ монгол бичгийн хэрэглээний чадвар хангалтгүй, орчин нөхцөл бүрдээгүйгээс гадна кирилл бичгээрээ ч зөв, цэгцтэй найруулж бичих чадвар доогуур байна уу даа гэж би боддог юм. Тиймээс энэ бүхнийг цэгцэлж, ард нийтээрээ хос бичигтэн болохын тулд төр засаг маань даацтай ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, монгол хэл, бичгийн багш нарын үүрэг, хариуцлага хамгийн өндөр байх хэрэгтэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top