А.Баярцэцэг: Туулын дүр байгаагүй бол "Хөхөө" кинонд хоосон орон зай үүснэ

2021 оны 10 сарын 05

“Хөхөө” кино нээлтээ хийснээс хойш үзэгчдийн сэтгэлд ихээхэн нийцсэн. Тус киноны Туулын дүрд тоглосон жүжигчин А.Баярцэцэг “Явуулын хүн”, “Ээж хадны домог”, “Марко Поло”, “Хөхөө”, “Хүчдэл” зэрэг гадаадын болон дотоодын 10 гаруй кинонд дүр бүтээсэн юм. Продюсер, жүжигчин А.Баярцэцэгтэй кино урлагийн талаар болон цаашдын төслүүдийнх нь талаар ярилцлаа.


-Юуны өмнө “Хөхөө” кино манай улсын кино театруудад нээлтээ хийсэнд баяр хүргэе. Туулын дүрд тоглосон шүү дээ. Туул яг ямар ямар зан араншинтай дүр вэ?

-“Хөхөө” киног В.Распутины “Сүүлчийн амьсгал” зохиолд сэдэвлэж бүтээсэн. Миний бүтээсэн Туулын дүр бол В.Распутины зохиолд харилцан яриа ихтэй дүр л дээ. “Хөхөө” киноны дүр барагтай бол яриад байдаггүй, дуугүй шахам дүр юм. Дүрийн хувьд гэвэл монгол бүсгүй айлд бэр болж очоод өөрийн хүүхдээс илүүтэй хадмаа асарч, хайрладаг. Бүр борви бохис хийлгүй ажиллаж, өөрийгөө умартсан, өглөөний нарнаас эртэлж босч, үдшийн бүрийгээр амардаг, ихээхэн ажилсаг дүрийг бүтээлээ.

-Туулын дүрийг гаргах хэр хэцүү байсан бэ. Та хоёрт ижил төстэй зан чанар байв уу?

-Туулын дүрийг харсныхаа дараа манай ээж “Яана аа, хүмүүс чамайг их л ажилсаг охин гэж бодож байгаа байх даа. Чамайг ч сайн мэдэхгүй л байна даа” гэж хэлж байсан. /инээв/ Туул бид хоёрын хувьд ижил төстэй зан ч бий, ялгаатай зан араншин ч бий. Зан араншингийн ялгаатай байдлаас илүүтэй найруулагчийн үүрэг тухайн дүрийг гаргахад ихээхэн дэм болсон л доо. Найруулагч миний дүрээс гадна бусад зургаан дүрийг дотроо төсөөлөөд, хоорондоо ямар ялгаатай, тэдний харилцаа хэрхэн уялдахыг ерөнхий том зургаар нь харчихсан. Киноны зураг авалт эхлэхээс өмнө Чойномын нэг шүлгийг надад уншуулсан юм. Яг нэрийг нь сайн санахгүй байгаа ч гэргий хүний тухай шүлэг байсан. Шүлгийн утга санаа нь жилийн турш завгүй амьдардаг бүсгүй цагаан сараар л торгон дээлээ өмсөж, жилдээ нэг удаа баярлаж байгаа талаар өгүүлдэг. Туулын дүр яг ийм дүр байсан.

-“Хөхөө” киног үзээд нэг зүйлийг асуумаар санагдсан л даа. Хонины цувдай цэвэрлэж байгаа хэсэг гардаг. Өмнө нь цувдай цэвэрлэж байсан уу?

-Өмнө нь цувдай цэвэрлэж үзээгүй ээ. Үнэхээр эвгүй мэдрэмж төрсөн. /инээв/ Зураг авалт эхлэхэд тэр мэдрэмж эвгүй байх эсэх хамаагүй шүү дээ. Цувдай цэвэрлэх хэсгийн зураг авалтад малчин бүсгүй тусалсан. Зураг авалт хийсэн хавцалд амьдардаг хүмүүс тусалсанд их талархаж байна.

-Үггүй дүр хэцүү байв уу?

-Үггүй дүр гэдэг их хэцүү. Харилцан яриатай дүр үгээрээ өөрийгөө илэрхийлж байна шүү дээ. Харин огт үг хэлдэггүй дүр байгаа байдал, царайны хувирал, амьсгал бүр аурагаараа ярих хэрэгтэй юм. Зохиолч, найруулагч хоёр яагаад үггүй дүрийг бүх планд шигтгээд байна вэ гэхээр цаанаа учиртай болоод л оруулж байгаа. Хэрэв дүрээ илэрхийлж чадахгүй бол хиймэл оршихуй болчихно шүү дээ. Тиймээс ур чадвар их шаардсан.

-Туулын дүрд урилгаар тоглуулсан юм билээ. Анх дүртэйгээ танилцахад ямар санагдаж байв?

-Яагаад үг хэлдэггүй юм бол хэмээн их гайхсан л даа. Үг хэлэхгүй бол кинонд шаардлагатай дүр биш юм байна гэж бодож байсан. Одоо энэ киног үзэхэд “Тухайн үед жаахан байсан болохоор тийм бодолтой байжээ” хэмээн бодогдсон. Хэрвээ энэ дүр байгаагүй бол кинонд хоосон орон зай үүснэ. Тиймээс дүрийнхээ талаар бага ч гэсэн мэдэрч, сайн гаргахыг хичээсэн.

-Үггүй дүрийг биеийн хэлэмжээрээ их сайн гаргасан. Дахин баяр хүргэе. Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

-Хүмүүс намайг загвар өмсөж байгаад жүжигчин болсон гэж боддог. Би 2014 оноос кино урлагийн салбарт шинэхэн жүжигчин болоод явж байлаа. Дэлхийн мисст орохоосоо өмнө “Явуулын хүн” кинонд тоглосон. Харин 2016 онд Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд орсноор хүмүүст илүү танигдсан байх гэж боддог. Бага насандаа сансрын нисгэгч эсвэл кино найруулагч болно хэмээн мөрөөддөг байлаа. Их сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцах боломжгүй байсан. Төслийн удирдлага, маркетингийн мэргэжлээр суралцаж, төгссөн юм. Төгссөнийхөө дараа хоёр жил маркетингийн менежрээр ажилласан. Ажиллаж байх үедээ насаараа хийх ажил биш байна гэдгээ мэдсэн л дээ. Тэгээд л гадаадад жүжигчнээр сурахаар шийдсэн. 2014 онд кино мэргэжлийн сургалтуудад сурч байлаа. Харин 2019 онд Лондонгийн эзэн хааны драмын төв сургуульд кино жүжигчнээр магистрын зэргээ хамгаалсан.

-Анхны зүйлс мартагддаггүй шүү дээ. Гадаадад анх удаа ямар кинонд дүр бүтээж байв. Тухайн дүрийг хэрхэн авсан бэ?

-Гадаадад карьерээ эхлүүлэх их хэцүү байсан. Дөнгөж салбараа солиод, кино урлаг руу ороход таних хүнгүй, туршлага байхгүй байлаа. Яг л цагаан цаасан дээр бүхнийг шинээр эхэлж буй мэдрэмж төрсөн. Миний хувьд оюутны дипломын ажил, богино хэмжээний кино бүтээл зэрэг дандаа үнэгүй төслүүдэд ажиллаж байлаа. Сан-Францискогийн институтад кино шалгаруулалт болно гэсэн сураг сонсоод очсон юм. Гэтэл тэр өрөөнд 50-60 настай, бие дүүрэн шивээстэй, толгойдоо алчуур зүүсэн, том биетэй, хэрцгий царайтай ах байв. Намайг монгол хүн гэдгийг сонсоод манай улсад дуртай талаараа ярьж өгсөн. Дараа нь зодооны урлагаар хичээллэдэг үү гэж асуухад мэднэ гэж хариулсан юм. Би өмнө нь кикбоксоор хичээллэж байсан юм л даа. Тэгээд гар руу нэг цохь доо гэтэл би ч цохисон юм. Намайг аргагүй л Чингисийн охин хүчтэй байна гээд л магтаад байсан. Гадаадад бүрэн хэмжээний кинонд бүтээсэн анхны дүр минь тэр хүний бүтээл байв.

-Ямар төрлийн кино байсан бэ. Дараа нь тэр найруулагч багш эргээд холбогдсон уу?

-Миний шалгаруулалтад орсон кино зомбитой төрлийн кино байлаа. Харин миний дүр самүра охины дүр байв. Энэ кино нь Сан-Францискогийн институтын оюутнуудад “Кино хэрхэн хийх вэ” хичээлийн кино байсан. Монголд дуртай гэх тэр багш Загалмайлсан эцэг киноны найруулагч Францис Форд Копполагийн үеэл дүү байж таарав. Азаар ч гэх үү, золоор ч гэх үү энэ дүрийг авсан нь карьерт минь их нөлөөлсөн. Зургаан сарын дараа тэрхүү багшийн найруулсан бүрэн хэмжээний кинонд тоглох санал ирэв. Тэр кино нь цус сорогчтой кино байсан. “Биллиг устга” кинонд гардаг Майкл Майдсон тэргүүтэй мундаг жүжигчид тоглож байв. Би тэр кинонд жижиг дүр бүтээсэн. Надад монгол цус сорогчийн дүр санал болгов. Гэтэл монголд цус сорогч гэж төсөөлөл ч байхгүй шүү дээ. Гэсэн ч боломжийг алдахыг хүсээгүй юм.

-Хамгийн сүүлд “The Power” гэх кинонд тоглосон. Киноны талаар товч танилцуулахгүй юу. Ямар дүрд тоглосон бэ?

-“The Power” буюу “Хүчдэл” гэх кино нь ихээхэн өвөрмөц төсөл. Ижил нэрт номноос сэдэвлэсэн кино юм. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама уг номыг онцолж байсан. Киноны талаар гэвэл ирээдүйд эмэгтэй хүмүүс биеэсээ цахилгаан гаргадаг хүчтэй болчихсон. Дэлхийг бүхлээр нь эмэгтэй хүмүүс удирддаг. Миний бүтээсэн дүр бол Молдав улсын тэргүүний туслах эмэгтэйн дүр. Тэр дүр нь тайланд бүсгүй байсан ч монгол болгож дүрийг өөрчилсөн. Миний нэрийг Солонго болгож өөрчилсөн юм. Улмаар миний дүртэй холбоотой хүмүүсийн нэр ч солигдсон.

-Барууны кино ертөнцөд Ази үндэстнүүд толгой цохиж байна. Кино бүрд ази дүрийг заавал оруулдаг болсон байна шүү дээ. Ази хүмүүсээс яг ямар ур чадварыг шаардаж байна вэ?

-Ази жүжигчдийн хувьд тулааны чадвар эзэмшсэн бол онцгойрч чаддаг. Илүү олон дүрд шалгуулах боломжтой. Ирэх жил тулааны урлагаар хичээллэх зорилго тавьсан. Мастер болохгүй ч гэсэн тулааны эвсэлтэй болно шүү дээ. Дэлхийд сүүлийн хоёр жил хар арьстнууд болон азиудыг ялгаварлан гадуурхах зэргийн эсрэг нийгмийн хөдөлгөөнүүд өрнөж байгаа. Эдгээр нь кино урлагт шууд утгаар нөлөөлсөн. Үзэгчид дан европ хүмүүсээс бүрдсэн киног арьс өнгөний ялгаварласан үзэл хэмээн хардаг болчихсон байна. Тиймээс ч Марвел гэлтгүй ихэнх кинонд олон үндэстнийг тоглуулах сонирхолтой байгаа. Азиудын эрин үе эхэлж байна гэж ойлгож болно.

-Сүүлийн үед тоглосон кино бүтээлийн тань талаар ярилцлаа. Кино урлагийн сэдвээ түр орхиё. Та багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Би ичимхий хүүхэд байсан. Хичээлээ их хийдэг, ноомой хүүхэд байлаа.

-Ичимхий зангаа яаж хаясан бэ?

-Арван жилээ төгсөөд “Торго” агентлагт орсон. Загварын агентлаг намайг өөрчилсөн гэхэд болно. Өмнө нь хичээлээ их хийдэг, хүнтэй ярьдаггүй, арван жилдээ хүнтэй ч үерхэж үзээгүй тийм хүүхэд байсан. Өөрийгөө эмэгтэй хүн талаасаа биеэ авч явахад, олны өмнө үг хэлэх, илтгэх ур чадвартай болох, үзэл бодлоо ил гаргаж илэрхийлэхгүй бол тайзан дээр гарна гэдэг бүтэхгүй мөрөөдөл. Загварын агентлаг миний тэр бүрэг ичимхий занг үгүй хийж, өөртөө итгэлтэй болгосон.

-Бага насныхаа хамгийн сайхан дурсамжаас хуваалцахгүй юу?

-Өвөөтэйгээ байсан үе хамгийн сайхан дурсамжуудтай мөч хэмээн боддог. Миний өвөө намайг долоон настай байхад бурхан болсон. Одоо ч надад тэдгээр өдрүүд тод санагддаг. Өвөөдөө эрхэлж, тоглож, тэврүүлж, хамгаалуулдаг байсан тэр мөч бүр хамгийн сайхан өдрүүд байлаа.

-Олон хүн сонирхож байгаа байх. Хувийн амьдралаа хэзээ зохиох вэ?

-Хувийн амьдрал зохиохыг ер нь хувь тавилан хэмээн хардаг. 25, 30 нас хүрээд одоо хүнтэй гэрлэе гээд л гэрлэчихдэг зүйл биш шүү дээ. Амьдралын тохироо бүрдээд зөв цагтаа, зөв газраа, зөв хүнтэйгээ уулзвал хэзээ ч гэрлэж болно. Гол нь дан ганц надаас хамаарах зүйл биш шүү дээ. Хүн хүний амьдралын цаг өөр. Өөрийн цаг хугацаагаа бусдын цаг хугацаатай бүү харьцуул гэх үг уншиж байсан. Тиймээс хувийн амьдралаа зохиох тал дээр яаравчлаад байдаггүй. Болох зүйл болдгоороо болно доо л гэж боддог.

-Хоёулаа ярилцахаас өмнө шинэ төслийн багийнхантайгаа зургаа татуулсан байсан. Одоо ямар төслүүд дээр ажиллаж байгаа вэ?

-Сүүлийн үед сонирхолтой төслүүд дээр ажиллаж байна. Олон улсын төслүүд дээр ажиллахыг эрмэлзэж байгаа. Би ганцаараа гэхээс илүү монголчуудаа олон улсын төслүүдтэй холбох тал дээр хамтарч ажиллаж байна. Тантай уулзахаас өмнө сайхан үйл явдал тохиолоо. Хөл хорионы үед Холливүүдийн болон өөрийн улсын уран бүтээлчидтэй хамтарч “Сүүдэр” гэх анимейшн дээр ажилласан. Яг ямар онцлогтой вэ гэвэл гэрээсээ цахимаар уулзаж бүтээсэн бүтээл. Салбарын тэг зогсолтын үед бүтээл туурвиж чадна гэдэг ихээхэн амжилт. 12 орны 110 уран бүтээлч оролцсон. Сүүдрийг хийж дуусаад олон фестиваль руу явуулж эхэлж байгаа. Сүүлийн хоёр сарын турш тэнцээгүй хариу авсан л даа. Өчигдөр гурван цагт нэг фестивалийн хариу ирсэн юм. Нээгээд үзтэл тэнцсэн байсан. Энэ фестиваль нь 30 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Сейнт Луисын олон улсын кино фестиваль" юм. Уг фестивалийн шилдэг богино хэмжээний кино төрөлд албан ёсоор нэр дэвшихээр болсон. Мөн хоёр кино продюсерлож байна. Гэхдээ эдгээр төслүүдийн талаар хэлэхэд эрт байна даа.

-Удахгүй Лондон хот руу явна гэж сонссон. Шинэ төсөлтэй холбоотой юу?

-Тийм ээ. Их Британийн нийслэлд театрын жүжгэнд тоглохоор болсон. “Блүсберри арт фестиваль” гэх томоохон фестивалийн хүрээнд тоглогдож буй жүжиг юм. Би цагаач эмэгтэйн дүр бүтээнэ. Өмнө нь театрын тайзан дээр жүжиглэж байгаагүй. Тиймээс надад ихээхэн чухал санагдаж байгаа.

-Дараагийн удаа тоглохыг хүссэн ямар дүр байгаа вэ?

-Би сансар огторгуйтай холбоотой кинонд тоглохыг хүсдэг. Бага байхын сансрын нисгэгч болохыг хүсдэг байсан. Сансар руу нисэхгүй юм гэхэд киногоороо дамжуулан энэ хүслээ биелүүлмээр байна. Мөн үлгэрийн кинонд дүр бүтээхийг хүсдэг. Тухайлбал, Нэтфликсийн “Шулам” гэх цуврал эсвэл “Хаадын тоглоом” шиг. Мөн шинжлэх ухааны цувралуудад дүр бүтээхийг их хүсдэг. Өмнө нь бүтээж байсан дүрүүдээс өөр дүрд л тоглож үзмээр байна.

-Гадаадын болон дотоодын кино урлагт дүр бүтээхэд ялгаатай байсан байх. Монгол Улсад  кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд яг юу дутагддаг гэж боддог вэ?

-Гадаад хэл сурах хэрэгтэй. Хэлтэй байж олон улсын зах зээлд гарах боломжтой. Дотоодын зах зээлд байж болно. Гэхдээ монголчууд гурван сая хүнтэй. Зорилтот хэрэглэгч бага гэсэн үг. Киногоо дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд кино урлагийн зах зээл гэрэл гэгээтэй байна. Хүмүүс хадмал орчуулгатай кино үзэхээс төвөгшөөхөө больсон. Үүнийг ашиглах хэрэгтэй. Бусад улсын хүүхэлдэйн кино, уран сайхны киног хадмал орчуулгатай л үзэж байна. Яг үүн шиг монгол хэл дээр хийсэн бүтээлээ хадмал орчуулгатайгаар олон улсын зах зээлд нийлүүлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд төлөвлөгөө болон продюсер сайн байх нь чухал. Зохион байгуулалтаа сайжруулбал ихээхэн хөгжинө.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.95.219) 2021 оны 10 сарын 07

Mongol gd l ng maltiisan uym\n\n

0  |  0
O(122.210.133.193) 2021 оны 10 сарын 07

Orgon maligar tsarai onigor nud ene chini l jinhene mongol torh shuude.ih yum yumand idevh tei zurgeltei emegtei

0  |  0
Зочин(192.82.80.250) 2021 оны 10 сарын 07

Энэ эмэгтэй одоо больдоггүй юмуу олигтой ч жүжигчин биш шүүдээ байн байн гарч ирээл байхын ядаргаа юмаа

0  |  0
Гологдоно(118.209.215.137) 2021 оны 10 сарын 06

Солонгосын жүжигчид Азиудын нүүр царайг шинээр гаргасан,том нүд, өндөр хамар, в- хэлбэрийн шанаа, цагаан тунгалаг арьс гээд. Манай охин өргөн шанаа, хавтгай нүүр, жартгар нүд гээд царай муутай Ази эмэгтэйн дүр төрх болох байх даа.

0  |  0
Зочин(103.229.121.62) 2021 оны 10 сарын 05

Дур эзнээ голохгүй гэж яасан ч өарийгөө рекламдах дуртай юм ганц олигтой дүр бүтээгээдүй байж л энэд ч тэнд ч үсчэээл явах юм

0  |  0
иргэн(103.229.123.104) 2021 оны 10 сарын 05

Өргөн малигар нүүртэй болохоор Холливудын гоё гоё кинонуудын пробонд тэнцээгүй гэсэн.Гэхдээ юм хийх гээд л үзээд байдаг дайчин юм даа яахав

0  |  0
123(185.100.87.72) 2021 оны 10 сарын 05

Т1

0  |  0
Top