БЗД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Саранчимэг нарын таван гишүүн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан байна.
Нийтийн орон сууцны доор болон орчны газрыг тухайн орон сууц өмчлөгчид хувь ногдуулж өмчлүүлэх тухай, эмнэлэг сургууль гэх мэт төрийн байгууллагын эзэмшилд байдаг газрыг тухайн байгууллагын дарга, захирал, эрхлэгч дур мэдэн зориулалтыг нь өөрчлөхийг хязгаарлах агуулга оржээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Дуусаагүй барилга дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож, банк санхүүгийн байгууллагад барьцаалдаг байдлыг таслан зогсооно. Зөвхөн Улаанбаатарт өнөөдрийн байдлаар барилга нь баригдаж дуусаагүй 500 орчим орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргасан байна. Гэтэл орон сууц захиалж байгаа иргэд 100 хувь төлбөрөө хийсэн ч гэрчилгээ гарахгүй, хүлээдэг. Өнөөдрийн байдлаар 10,20 мянган иргэн хэдэн зуун тэрбум төгрөгийн хохирол амсаад байна. Хамгийн сүүлд Буянт-Ухаан хороололд 500 орчим айл жагссан. Тэд мөнгөө 100 хувь төлсөн атал орон сууцны гэрчилгээ нь гарахгүй байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр тухайн барилгын компани барилгаа барьж дуусаагүй байхдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаад, банк санхүүгийн байгууллагад барьцаалсан байсан. Нэгэнт барьцаанд байгаа орон сууцнаас захиалж, 100 хувь төлбөр төлсөн ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарахгүй хохирч байгаа асуудал байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Газар чөлөөлөх асуудал маш их бэрхшээл дагуулж байна. Жишээ нь 960 хүүхдийн нэг сургууль барихад 2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгож, 2-3 жил хөөцөлдөж байна. Нийслэлийн төсөвт газар чөлөөлөхтэй холбоотой санхүүжилт тавьдаг ч энэ нь хүрэлцдэггүй. Дараагийн 10 жилийн дотор БЗД-т 40 мянган хүүхэд сургуульд орох тооцоолол байна. Иймд 960 хүүхдийн 42 сургууль барьж байж тэдний хэрэгцээ шаардлагыг хангахаар байна. Гэтэл сургуулийн захирлууд нь дур мэдэн орон сууц бариулаад, талыг нь багш нартаа өгөөд үлдсэн орон сууцаа зарчихдаг. Гэтэл шинээр сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олдохгүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Нийтийн орон сууцны орчмын газраа хувь тэнцүүлэн өмчилж авсан иргэд тус бүрнээ хашшаа, хаалт барьж хамгаалах уу? Эсвэл барьцаанд тавьж зээл авах уу? худалдах уу?