Б.Баттөмөр: Ирэх оны төсвийн төсөлтэй танилцаж амжаагүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс дараах зүйлийг тодрууллаа.


-Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг өргөн бариад байна. УИХ-ын гишүүд ирэх оны төсвийн төсөлтэй танилцаж амжив уу?

-Хараахан танилцаж амжаагүй байна. Дөнгөж өнөөдөр л хэвлэгдэн гарч, гишүүдийн гар дээр ирж байна. Одоохондоо уншиж, судалж амжаагүй явна.

-Ирэх оны төсвийн төсөлд хуурамч шатахууны татварыг тэглэх асуудал багтсан гэж ярьж байна. Та эл асуудалд шүүмжлэлтэй ханддаг гишүүдийн нэг. Таны байр суурь хэвээрээ юу?

-Тийм байж огт болохгүй. Монгол Улс хуурамч шатахуунаар цэнэглээд Багануурын 40 гаруй техник эвдэрсэн гэх мэдээлэл авлаа. Энэ бол онцгой татвараас зугтаж, гаднын хүмүүсийн мөнгийг Монголд угааж байгаа л нэг хэлбэр шүү дээ. Тийм байж болохгүй. Энэ асуудалд хатуу байр суурьтай байна, зогсоно. Манай гишүүдийн ихэнх нь хатуу байр суурьтай байгаа гэж ойлгож болно.

-Цар тахлын хуулийг сунгах шаардлагатай гэж хардаг уу?

-Хуулийн төслийг хэрэгжүүлэх гэж УИХ дээр Түр байнгынх ороо ажиллаж байна. Цар тахал бол дэлхий нийтийн асуудал. Дэлхий яаж давж гарах нь тодорхойгүй байна. Тиймээс цар тахлын хууль цаашаа үргэлжлээд явна. Хуулийн хажуугаар авах ёстой арга хэмжээгээ тухайн бүрд нь аваад явах байх.

-Ингэхэд та өмнөх парламентад Оюутолгойн төслиийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан шүү дээ?

-Тийм ээ, би ахалж байсан. Энд Дубайн гэрээг цуцлах үүрэг даалгаврыг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Засгийн газарас Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна. Яах вэ, нөгөө талаас уян хатан хандаж, буулт хийж байгаа юм билээ.

Гэхдээ түүнд хууртагдахгүйгээр Оюутолгойн гэрээг сайжруулах шаардлагатай. УИХ-аас тогтоолынхоо биелэлтийг шаардаж байгаа, хатуу шаардах болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top