Төсвийн хууль хугацаандаа амжих эсэхийг гишүүд лавлав

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.10.05/  14.12 цагт эхэлж, УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 70 дугаар захирамжид заасан Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хавсралтаар батлахаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгасан байна.

Тодруулбал, 10 дугаар сард Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл, хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр 70 дугаар захирамжид заасны дагуу цаглаварт тусгасан хэмээн Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, Х.Баделхан нар асуулт асуусан. Гишүүд ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх явц цаглаварт заасан хугацаанд багтах эсэх, нэн даруй батлах шаардлагатай хуулийн төсөлд орж ирвэл хэлэлцэх боломж байгаа юу хэмээн лавласан. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй хэмээн Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгасныг онцолсон.

Төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувийн саналаар Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top