Монгол Улсын Засгийн газар, ЗТБХБ-ын яам "Их бүтээн байгуулалт, шинэ ажлын байр нэмэгдүүлэх" жилийн хүрээнд Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн нисэх буудлыг шинээр барьж байгуулах ажлыг 2008 оноос Монгол Улсыг Хөгжүүлэх сан, улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн билээ.
Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх, тэр дундаа орон нутгийн нисэх буудлыг орчин үеийн стандарт, шаардлагад нийцүүлэх, салбарын өсөлт хөгжлийг тодорхойлсон шинэ нисэх буудлын анхных нь энэ сарын 25-ны өдөр Увс аймагт ашиглалтанд орлоо.
Орон нутгийн нисэх буудлыг хүлээн авах нээлтийн ажиллагаанд тус аймгаас УИХ-д сонгогдсон төрийн түшээ, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, ЗТБХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид, С.Батмөнх тэргүүтэй ИНЕГ-ын удирдлага, Увс аймгийн ЗДТГ, ИТХ-ын гишүүд, үндэсний агаарын тээвэрлэгч "Изинис Эйрвэйз" авиакомпанийн төлөөлөл, орон нутгийн иргэд оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр ИНЕГ-ын дарга С.Батмөнх "Ойрад Монголын их хаан Галдан бошигт 1686 онд эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө хийх тэмцэлд бэлтгэх ажлаа эхлүүлж, ар талаа бэхжүүлэн сайжруулахын тулд тариа тарих зорилгоор Хархираа голоос суваг татуулсан нь өнөөдрийн Улаангом хотын суурийг тавих эхлэл болсон байдаг. Газар шороо, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх, эрх чөлөөнийхөө тууштай тэмцсэн Галдан бошигт хааны билгийн нүдээр харсан энэ суурингийн "Хээр морьт"-ийн хөндийд орчин үеийн шинэ нисэх буудлын барилга байгууламж сүндэрлэсэн нь тохиолдлын хэрэг биш юм. Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх, бүс нутгийн агаарын тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, орон нутгийн нисэх буудлыг өргөтгөх ажил амжилттай хэрэгжин Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Үндэсний тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн тэгш ой, Ойрад Монголын их хаан Галдан Бошигт Улаангом хотыг үүсгэн байгуулсаны 325 жилийн ой тохиож байгаа энэ онд агаарын хөлөгт тогтмол үйлчилгээ үзүүлэх боломжтой, гэрэл суултын системээр тоноглогдсон, цагт 100 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлагыг ханган, орчин үеийн шаардлагад нийцсэн хөөрч, буух хатуу хучилттай зурвас бүхий иж бүрэн шинэ нисэх буудлын барилга байгууламжийг 17 орчим тэрбум төгрөгийн өртгөөр барьж байгуулан ашиглалтанд оруулж байна" хэмээн хэлсэн юм.
Далайд гарцгүй, өргөн уудам газар нутагт суурьшсан, хүн ам цөөтэй Монгол Улсад агаарын тээвэр нь зах зээлийн эдийн засагт шилжсэн жилүүдэд тэргүүлэх салбарын нэг болж, дэлхийн жишигт хүрч хөгжих шаардлагатай тулгарч байсан юм. Энэхүү шаардлага эхнээсээ биелэлээ олж Монгол Улсын аялал жуулчлалын идэвхитэй бүс нутгийн зорчигч үйлчилүүлэгчид шинэ нисэх буудалтай болж, үндэсний агаарын тээвэрлэгчид энэ сараас эхлэн ая тухтай орчин бүхий олон улсын стандарт шаардлагыг хангасан орон нутгийн тэргүүлэх нисэх буудлаар үйлчлүүлэх болж байна.
Монгол Улсад Иргэний нисэхийн салбар идэвхитэй хөгжиж байгаа бөгөөд Монгол Улс-Япон Улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Хөшигийн хөндийд шинэ олон улсын нисэх буудал барих төслийн ажил 2008 оноос эхлэн амжилттай хэрэгжин, хоёр талаас хөөрч буух зурвас бүхий орчин үеийн техник технологиор тоноглогдсон шинэ олон улсын нисэх буудлыг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.
Мөн орон нутгийн нисэх буудлуудын хөгжилд томоохон ахиц гарахын зэрэгцээ үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ, Аэромонголиа, Изинис эйрвэйз компаниуд маань агаарын хөлгийн паркаа нэмэгдүүлж, орон нутагт төдийгүй олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж эхэллээ.
Сэтгэгдэл ( 0 )