Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэнгээс мал бүртгэлжлүүлэх ажлын талаар тодрууллаа.
-ХХААХҮЯ-наас энэ жил мал бүртгэлжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхээр аян зарласан. Аяны хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулаад байна вэ?
-ХХААХҮЯ-наас 2021 оныг малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх аян болгон зарлаж, мал бүртгэлжүүлэлтийн ажлыг эрчимжүүлээд байна. Аяны хүрээнд мал сүргийг үе шаттайгаар бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжид үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгчээ хавар, намрын технологит хугацаанд бүртгэлжүүлж байна. Малын үржүүлэг технологийн ажил, үйлчилгээний технологит хугацаа хавар 3-р сарын 20-ноос 5-р сарын 25-ныг хүртэл, намар 9-р сарын 10-наас 11-р сарын 10-ныг хүртэл байдаг.
-Одоо намрын технологит хугацааны ажил явагдаж байгаа байх нь?
-Намрын технологит хугацаанд цөм болон үржлийн сүргийн шаардлага хангасан мал сүргийг бүртгэлжүүлэх ажил ид өрнөж байна. БНХАУ, ОХУ-тай хил залгаа аймаг, сумдын бод малыг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Хил нэвтрэх, нэвтэрсэн тохиолдолд хилийн байгууллага малыг ялгаж, танихад бүртгэлжүүлэлт маш чухал байдаг. Ээмэгнийх нь дугаараар аль аймаг, сум, багийн мал гэдгийг мөрдөн мөшгөж тогтоох боломжтой. Малчид малаа танихдаа зүсийг нь эсвэл им тамгыг нь хардаг. Монгол малын зүс ихэвчлэн ойролцоо байдаг учраас андуурах асуудал гардаг. Тийм учраас тухайн малын ээмэгний дугаар, бүртгэлээр дамжуулж олж таньдаг.
-Малыг хэрхэн бүртгэлжүүлдэг вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Малыг бүртгэхдээ ялган тэмдэглэх хэрэгсэл гэж нэрлэдэг ээмэг болон чипийг ашигладаг. Чипийг адуунд, ээмгийг үхэр, тэмээ, хонь, ямаанд хэрэглэж байна. Ээмэг, чипэн дээр 12 оронтой код байдаг. Үүний эхний хоёр орон нь аймгийнх, дараагийн хоёр нь сумынх, дараагийн хоёр нь багийн код байдаг. Үлдсэн 6 орон нь тухайн малд дахин давтагдахгүйгээр олгогдсон хувийн дугаар юм. Жишээ нь, хар халзан зүсмийн бух байлаа гэхэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн ийм хувийн дугаартай бух байна гээд бүртгэл мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл нь орчихсон байдаг.
-Малыг бүртгэлжүүлснээр малчдад ямар давуу тал бий болох вэ?
-Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулснаар малчид, мал бүхий иргэдэд тодорхой боломжууд бий болдог. Тухайлбал, мал сүргийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, малаа алдсан тохиолдолд бүртгэлийн дугаараар мөрдөн мөшгөж олох боломжтой. Мөн малаа бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулсан малчныг төрөөс олгож буй урамшуулалд хамруулдаг байх зарчимд шилжиж байгаа. Түүнчлэн малаа барьцаалж банкнаас зээл авах, даатгалд хамруулахад бүртгэлтэй эсэхийг харгалзан, хөнгөлөлт үзүүлэх боломж бүрдэж байна.
-Нөгөө талдаа бүртгэлжүүлэлт нь мал болоод малын гаралтай түүхий эдийн баталгаат байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх үү?
-Малчид өөрсдийнхөө тамга тэмдгийг өргөн ашигладаг. Тухайн малчны хотоос гарч зах зээлд худалдан борлуулж байгаа мал болоод малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг дагалдуулаад малчин өрхийнхөө тамга тэмдгээр давхар байнга баталгаажуулж байх чиглэлийг малчдадаа өгч байгаа. Ноосны урамшууллын паданд малчин өрхийн тамга тэмдгээ дараад хэвшсэн мөртлөө мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ худалдан борлуулах болохоор тамга тэмдгээ төдийлөн ашиглахгүй байна.
Мал бүртгэлжүүлэлтийн аяны хүрээнд хийж байгаа бас нэг томоохон ажил бол малчин, малчин өрхийн мэдээлэл бүртгэл мэдээллийн нэгдсэн санд орж, бөөн дүнгээр болон нэг бүрчлэн бүртгэгдэж байгаа. Үүнээс гадна малчин өрхийн баталгааны тэмдэг болох малчны тамгыг өргөн хүрээнд хэрэглэж, тамганд байгаа малчны А дансны дугаартай тулгалт хийх зарчмыг баримталж байна. Жишээ нь, Дорж 500 малтай бол 500 малын бөөн дүн орно. Үүнийг дагаад А дансны дугаар орно. Дорж 500 малаасаа 250-ийг нь ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн бол нэг бүрчлэн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд ордог.
-Аяны хүрээнд хэдэн толгой мал бүртгэлжүүлэх зорилт тавьсан бэ. Гүйцэтгэл хэр байна?
-Нийт 1.0 сая толгой мал бүртгэлжүүлэхээр төлөвлөснөөс хаврын технологит хугацаанд 46.0 хувийг нь ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн. Одоо намрын технологит ажил эхлээд ид дундаа явж байна. 11-р сарын 10 хүртэл үргэлжилнэ. Цаг агаар тогтуун байгаад байвал 11-р сарын 15-ныг хүртэл үргэлжилдэг. Хүйтрэх шинжтэй байвал хугацаандаа дуусчих учраас энэ хооронд бид үлдсэн малаа ялган тэмдэглэж бүртгэлжүүлнэ. ОХУ, БНХАУ-тай хил залгаа аймаг, сумдын бод малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэхэд анхаарч байна. Мөн тухайн малын ээмэгний дугаараас гадна мал зүйн шаардлага хангасан фото зургийг нь мэдээллийн санд оруулах зорилготой ажиллаж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санг давхар хөгжүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )