Павит Рамачандран: Түлш болон ачаа тээврийн зардал өссөнтэй уялдан ирэх онд Монголд инфляцын дарамт нэмэгдэхээр байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Азийн Хөгжлийн Банкны (АХБ)-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандрантай ярилцлаа.


-Монгол Улс АХБ-ны гишүүнээр элссэнээс хойш 30 жил болжээ. Ойн хүрээнд зохион байгуулсан онцлох ажлаасаа товчхон дурдвал?

-Монгол Улс анх парламентын засаглалтай ардчилсан улс болж, чөлөөт эдийн засагт шилжсэн үеэс эхлэн Азийн Хөгжлийн Банк хамтран ажилласан. Энэ онд тохиож буй 30 жилийн ойн хүрээнд хэд хэдэн цуврал арга хэмжээ зохион байгуулж байна. Ингэхдээ эдгээр арга хэмжээг аль болох олон талын оролцоог хангасан өргөн хүрээнд зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгэм, төрийн бус байгууллага болон залуу үеийг хамруулахыг зорилоо. Түүнчлэн орон нутгийг хамарсан бүсийн хэмжээний таван удаагийн цуврал зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Уг зөвлөгөөний гол зорилго нь бидний хэрэгжүүлсэн төслийн үр дүн, хэрэгжилтийн явц болон төслөөс авах сургамж юу байна гэдгийг тодорхойлох, төсөлд оролцогч талуудын санаа бодлыг сонсох, улмаар эдгээрийг ирээдүйд хэрэгжүүлэх төсөлд харгалзан үзэх юм.

Үүнээс гадна бид олон нийтийг хамарсан гурван цуврал уралдаан төлөвлөснөөс хоёрыг нь зохион байгуулаад байна. Тухайлбал, их дээд сургуулийн оюутнуудын дунд “Түншлэлийн ач холбогдол миний нүдээр” сэдэвт видео илтгэлийн уралдаан зарласан. Тус уралдаанд 28 оюутан бүтээлээ ирүүлсэн. Шүүгчдийн бүрэлдэхүүн тэдгээр бүтээлийг хөндсөн асуудлын ач холбогдол, түүнийгээ илэрхийлсэн байдал, бүтээлч хандлага, шинэлэг санаа, илтгэх ур чадвар, илтгэлийн чанар, цаг ашиглалт зэрэг шалгууруудаар үнэлж, ялагчдыг тодруулсан. Үүнээс гадна “Ковидын дараах шинэ эхлэл” сэдэвт сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааныг Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран зарласан. Нийт 40 гаруй бүтээл хүлээн авсныг мөн тодорхой шалгуураар үнэлж шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан болно. Гурав дахь арга хэмжээ нь судалгааны бүтээлийн уралдаан юм. Одоогоор нийгэм, эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр нэлээд олон бүтээл хүлээн аваад байна. Судалгааны ажлыг үнэлж дүгнэх, шилдэг бүтээлийг шалгаруулах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Үүнээс гадна Монгол Улсад АХБ сүүлийн 30 жилд ямар үйл ажиллагаа явуулсан, ямар төслүүдийг санхүүжүүлсэн, улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулсан бэ гэдгийг арав арван жилээр гаргаж үзүүлэх номыг хэвлэхээр бэлтгэж байна. Энэхүү номонд ирээдүйд мөн ямар чиглэлээр ажиллаж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах талаар тусгана. Үүнээс гадна 30 жилийн түүх өгүүлэх баримтат кино хийхээр төлөвлөж байна. Хамгийн сүүлд дотоодын болон олон улсын нэр хүндтэй мэргэжилтнүүд, Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөл, иргэний нийгмийн төлөөллийг оруулсан ойн арга хэмжээ, хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Энэ арга хэмжээнд дээр дурдсан гурван цуврал уралдаанд бүтээл нь шалгарсан хүмүүс мөн оролцох болно.

-Сүүлийн үед Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь дэмжлэгүүд эрүүл мэндийн салбарыг голчлон чиглэж байх шиг. Цар тахал дэгдсэнээс хойш Монголын эрүүл мэндийн салбарт хэр хэмжээний хөрөнгө оруулаад байгаа вэ?

-Азийн Хөгжлийн Банк 1993 оноос хойш Монголын эрүүл мэндийн салбарт үлэмж хэмжээний хөрөнгө оруулсан. Эмнэлгийн засаглал, анхан шатны тусламж, эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн аюулгүй байдал, худалдан авалт, эрүүл мэндийн даатгалын систем болон хүний нөөцийн чадавхыг сайжруулахад ихээхэн ач холбогдол өгч ирсэн юм. Бид эрүүл мэндийн салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан учраас АХБ-наас тус салбарт оруулсан хөрөнгө оруулалтын талаар олон нийтийн дунд мэдээлэл харьцангуй сайн байдаг. Мөн олон жилийн хамтын ажиллагааны туршлага, ойр дотно түншлэл дээрээ тулгуурлан бид цар тахал анх эхэлсэн үеэс л Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай дэмжлэг туслалцааг маш богино хугацаанд, түргэн шуурхай үзүүлсэн. Тухайлбал, анх хязгаарлалтын арга хэмжээ авах, хөл хорио тогтоох үеэс эхлээд халдвар хамгааллын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийг гааль, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эмнэлгүүд зэрэг холбогдох байгууллагуудад яаралтай олгосон. Энэ бүхний төсөв нь тухайн үед эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байсан манай төслүүдээс гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн төслүүдээс хэмнэсэн мөнгийг цар тахлын нөхцөл байдлын улмаас авч хэрэглэсэн гэсэн үг л дээ. Дээр дурдсан бүхэн цар тахалтай тэмцэхэд бидний авч хэрэгжүүлсэн эхний үе шатны л арга хэмжээ.

Үүний зэрэгцээ Монголын Засгийн газарт цар тахалтай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 100 сая ам.долларын зээлийг шуурхай горимоор олгосон. Энэхүү төсвийн дэмжлэг нь КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулагдсан. Түүнчлэн хүнсний талон, хүүхдийн мөнгөний хөтөлбөрийг санхүүжүүлэхэд дэмжлэг болох зорилгоор 99.4 сая ам.долларын зээл олгосон. Мөн 30 сая ам.долларын хөрөнгийг онцгой байдал, гааль, мэргэжлийн хяналт зэрэг гол агентлагуудын ажилтнуудыг чадавхжуулах, техник технологиор хангахад зориулсан. Үүнээс гадна бид APVAX буюу Ази Номхон далайн вакцины хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 19 сая ам.долларыг вакцинжуулалтын үйл ажиллагаа, түүний санхүүжилтийг дэмжих зорилгоор баталсан. Монгол Улсын Засгийн газар 2021 онд нийт хүн амынхаа 65 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулсан байна. Зөвхөн вакцинжуулалтад Азийн Хөгжлийн Банк болон хамтын санхүүжилтээр 40 сая ам.долларын дэмжлэгийг шийдвэрлээд байна.

Энэ оны тавдугаар сард бид 100 сая ам.долларын зээлийн төсөл эрүүл мэндийн салбарт батлуулсан. Энэ нь зөвхөн КОВИД-19 төдийгүй цаашид тулгарах нийтийн эрүүл мэндийн эрсдэл, хямралыг давж гарах чадвартай эрүүл мэндийн системийг Монголд бий болгох, түүнийг дэмжихэд зориулагдсан хөрөнгө. Зөвхөн цар тахал эхэлснээс хойш манай банкны зүгээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үзүүлсэн нийт дэмжлэг 416.4 сая ам.доллар болж байгаа. Цар тахлын хямралын үед бид эрүүл мэндээс гадна бусад салбарт ч дэмжлэгээ үргэлжлүүлсэн. Жишээ нь, Азийн Хөгжлийн Банкны хувийн хэвшил дэх үйл ажиллагааны хүрээнд Таван Богд, Улаанбаатар гурил зэрэг компаниудад эргэлтийн хөрөнгийн зээлийн дэмжлэг үзүүлээд байна.

-Манай улсад хийж буй хөрөнгө оруулалт, олгож буй зээлээрээ Азийн Хөгжлийн Банк нэлээд дээгүүрт жагсдаг. Одоогоор манай улсад Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр ямар салбарт ямар төслүүд хэрэгжиж байгаа вэ. Хамгийн чухал, томоохон төслөөсөө товчхон дурдвал?

-Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсад олгосон нийт санхүүжилт өссөн дүнгээр 3.6 тэрбум ам.доллар болоод байна. Өнгөрсөн хугацаанд бидний үйл ажиллагаа гол төлөв эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, нийгмийн хамгаалал зэрэг олон салбарт төвлөрч байлаа. Салбар бүр өөрийн гэсэн онцлогтой тул энэ салбарын энэ төсөл хамгийн чухал гэж хэлэхэд хэцүү. Жишээ болгож зарим төслийг дурдъя.

Нэгдүгээрт, зам тээврийн төслүүдийг тодотгож болох юм. Төслийн санхүүжилтын хувьд хамгийн өндөр дүнтэй нь энэ салбарын зээлүүд байдаг. Тухайлбал, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төсөл нь Монгол Улсыг ОХУ болон БНХАУ-тай холбож байгаа юм. ОХУ-тай хиллэх Улаанбайшинтын боомтоос Баян-Өлгий болон Ховд аймгийн төвөөр дайран БНХАУ-тай хиллэх Булган боомт хүртэлх босоо тэнхлэгийн нийт 743 км авто замын 378 км авто замыг АХБ-ны зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хатуу хучилттай болгосон бөгөөд төгсгөлийн 26 км авто замын барилгын ажил үргэлжилж байна. Бодончийн хавцалд баригдсан 110.8 км авто зам нь Монгол орны байгаль цаг уур болон газар зүйн хамгийн төвөгтэй хэсэгт баригдсанаараа их онцлогтой. Мөн баруун бүсийн хамгийн алслагдсан аймаг болох Баян-Өлгий аймаг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, богино хугацаанд зорчих боломжтой болсон.

Хоёрдугаарт, хот байгуулалтын хөгжил болон эрүүл мэндийн салбартай холбоотой төслийн талаар онцолж хэлье гэж бодож байна. Хот байгуулалттай холбоотой төслүүдэд бид 1997 оноос хойш хөрөнгө оруулж хамтран ажилласан. Хамгийн сүүлд Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийг эхлүүлсэн. Үүний гуравдугаар үе шатны 46.6 сая ам.долларын санхүүжилтийг саяхан батлуулаад байна. Уг төсөл нийтдээ гурван үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд нийт санхүүжилт нь 320 сая ам.доллар юм. Үүнээс Азийн Хөгжлийн Банк 160.7 сая ам.долларыг нь санхүүжүүлж байгаа. Төслийн хүрээнд бид зургаан дэд төв Улаанбаатар хотод байгуулахаар төлөвлөснөөс одоогоор Баянхошуу болон Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт дуусах шатандаа ороод явж байна. Үлдсэн дөрвөн дэд төвийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Эдгээр дэд төвийг байгуулахад гэр хороолол руу шаардлагатай бүх шугам сүлжээг татаж, суурь дэд бүтцийг нь тавихаас гадна сургууль, цэцэрлэг, орон сууц, төрийн үйлчилгээний төв, бизнес инкубатор, хүүхдийн тоглоомын талбай зэрэг цогц байгууламж бий болгож байгаа учраас энэ төслийг дурдахгүй өнгөрч болохгүй болов уу. Бид өөр нэг шинэ төсөл батлуулахаар ажиллаж байна. Уг төсөл нь аймаг болон сумын төвийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих юм. Энэ нь Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжих 510 сая ам.долларын төсөл бөгөөд гурван үе шаттай, 10 жилийн хугацаанд үргэлжилнэ. Азийн Хөгжлийн Банк энэ төсөл дээр Уур амьсгалын ногоон сангаас ихээхэн хэмжээний санхүүжилт авсан. Мөн Европын хөрөнгө оруулалтын банк болон Европын холбоо хамтран энэ төсөлд хөрөнгө оруулж байгаа. Төслийн гол зорилго нь хөдөө орон нутгийн эдийн засгийг дэмжиж, аймгийн төвүүдийг тулгуур төв болгохыг зорьж байгаа юм. Түүнчлэн бэлчээрийн менежментийг зохистой болгох, хөдөө аж ахуйн ногоон бизнесийг дэмжих, эдгээр нь тухайн аймгуудын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг байхаар төлөвлөж байна.

Харин эрүүл мэндийн салбарт одоогоор хоёр чухал төсөл хэрэгжиж байна. Үүний нэг нь есөн жил хэрэгжээд одоо бараг дуусах шатандаа орж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл юм. Уг төслийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийг шинэ түвшинд гаргаж, олон улсын магадлан итгэмжлэл авахад нь дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн 21 аймагт 26 цусны төвийг байгуулан, үйл ажиллагааг жигдрүүлээд байна. Мөн эмнэлгийн хог, хаягдлын менежмент болон эмнэлгийн орчны халдвар хамгааллыг сайжруулахад анхаарсан. Үүнээс гадна Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэгт дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг баригдаад байгаа. Эмэгтэйчүүдээс эхлээд хүүхэд, мэс засал, гэмтэл, хавдар, шүд зэрэг бүх үйлчилгээг нэг дороос авч болох эмнэлэг гэдгээрээ энэ эмнэлэг анхдагч. Нөгөө талаас эмнэлгийн барилга байгууламжийн дизайн, орон зайн төлөвлөлтийн хувьд онцлог. Эмнэлэг бүрэн ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэлснээр жилд 157 мянган хүнд үйлчлэх боломжтой.

Эцэст нь санхүүгийн салбар дахь гол үйл ажиллагааг тоймлон хэлье. Санхүүгийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх, төлбөр тооцооны системийг илүү найдвартай, үр ашигтай, тасралтгүй байлгах үүднээс түүнийг шинэчлэх асуудал чухал асуудал байдаг. Монгол Улс үндэсний төлбөрийн системийн шинэчлэлийг олон жилийн турш үе шаттай хэрэгжүүлж дуусч байна. Энэ төслийг Азийн Хөгжлийн Банкнаас санхүүжүүлж, 2013 оноос хойш маш үр дүнтэй хэрэгжүүлж ирлээ. 2019 оны наймдугаар сараас эхлэн бага дүнтэй банк хоорондын гүйлгээг автомат горимд шилжүүлэх технологи нэвтэрсэн. Үүний зэрэгцээ холбогдох хууль тогтоомжийг сайжруулах, хэрэгжүүлэх асуудлыг ч энэхүү төсөл хамарч чадсан. Өмнө нь өндөр дүнтэй гүйлгээ банк хооронд дунджаар гурав хонож ордог байсан бол одоо таван минут л зарцуулах болсон. Үүнээс гадна төрийн үйлчилгээг цахимжуулах Монгол Улсын Засгийн газрын санаачилгын хүрээнд улсын байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах замаар иргэдэд илүү ойр болгох төсөл дээр ажиллаж байна. Энд Улсын бүртгэлийн ерөнхий газрын системийг шинэчлэх төслийг дурдаж болно. Түүнчлэн, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх стратегийн хүрээнд Азийн Хөгжлийн Банк хувийн сектор дахь үйл ажиллагаа, санхүүжилтээ нэмэгдүүлэх зорилттой байна.

-Азийн хөгжлийн банк хэрэгжүүлэх төслөө хэрхэн, ямар шалгуураар сонгодог вэ?

-Төслийн шалгаруулалт бол хамгийн төвөгтэй үйл явц. Учир нь, талуудтай зөвшилцөхөөс гадна хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Түншлэлийн стратеги”-ийн хүрээнд хийсэн хуваарилалт болон санхүүгийн нөөц бололцооноос хамаарахын зэрэгцээ Засгийн газартай нягт хамтран ажиллаж уялдуулах хэрэгтэй байдаг. Мөн өмнөх хугацаанд хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, сургамжийг шинэ төсөл, хөтөлбөрт гарцаагүй харгалзан үздэг. Төсөл боловсруулах явцад иргэний нийгмийн байгууллагууд болон төслийн үр өгөөжийг нь хүртэх талуудтай зөвшилцдөг.

-Азийн Хөгжлийн Банкнаас Монголд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илтгэх инфляц болон төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал өсөх, түлш шатахууны үнэ, валютын ханш, бараа, үйлчилгээний импортын зардал нэмэгдэж болзошгүйг урьдчилан сануулж байсан. Ирэх онд бараа үйлчилгээ, шатахууны үнэ ямар байх бол?

-Азийн Хөгжлийн Банкнаас 2021-2022 оны бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын тайлангаа энэ оны дөрөвдүгээр сард, харин шинэчилсэн тайланг есдүгээр сард тус тус танилцуулсан. Монгол Улсын экспортын эрэлт өссөн болон түүний бусад салбар дахь эерэг нөлөөгөөр эдийн засаг 2021 онд алгуур өсөх хэдий ч, 2020 онтой харьцуулахад төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал болон инфляц аль аль нь өсөх төсөөлөлтэй байгааг эдгээр тайланд дурдсан. Ийм учраас нийтийн эрүүл мэндэд учирч буй эрсдэлийг бууруулахын зэрэгцээ макро эдийн засгийн менежментэд маш зохистой бодлого хэрэгжүүлэх сорилт ирэх онд тулгарч байна. Өмнөх төсөөлөлтэй харьцуулахад экспортын өсөлт буурах, мөн анхдагч орлогын дансны алдагдал нэмэгдэхтэй уялдан төлбөрийн урсгал дансны алдагдал 2021 онд өсөхөөр байна. КОВИД-19 цар тахлын вирусний шинэ хувилбарууд БНХАУ болон Монгол Улсад халдварласантай холбоотойгоор нүүрсний экспорт дөрөвдүгээр сараас огцом буурч, хилийн боомтуудад гацаа үүсээд байна. Энэ нь Монгол Улсын экспорт, аж үйлдвэрлэлийн гарц, инфляц, нийт эдийн засаг, бизнесийн хүлээлтэд сөргөөр нөлөөлөх гол эрсдэл, сорилт болж байна.

Азийн Хөгжлийн Банкны төсөөллөөр брент маркийн газрын тосны үнэ энэ онд өмнөх оноос 63 хувиар өсөхөөр байгаа нь шатахуун, түлшний үнэ өсөх суурь хүчин зүйл юм. Нийлүүлэлтийн гаралтай инфляц өндөр, хүнс, шатахуун, түлшний үнэ болон ачаа тээврийн зардал өссөнтэй уялдан Монголд инфляцын дарамт өндөр хэвээр байхаар байна. Үүний зэрэгцээ дотоодын эрэлт өсөхөд эрэлтийн гаралтай инфляц нэмэгдэх эрсдэлтэйг анхаарах нь зүйтэй. Ази, Номхон далайн бүс нутагт бараа, үйлчилгээний нийлүүлэлтийн сүлжээг илүү сайн хөгжүүлсэн, цар тахлын халдварын тархалт багатай, вакцинжуулалтын үр дүн илүү сайтай байгаа улс орнуудад илүү их хөрөнгө оруулалт хийх, дотоодын эрэлт, хэрэглээг нэмэгдүүлэх, экспортоо өсгөж илүү их орлого олох боломж үүсэж байгаа. Ийм учраас Монгол Улсад нийтийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн шинэчлэлийг эрчимжүүлэх, гадаад худалдааг дэмжих, нийлүүлэлтийн болон тээвэр логистикийн сүлжээг эрс сайжруулах хэрэгцээ шаардлага маш өндөр байна.

Энэ онд Монголын эдийн засгийн өсөлтийг өмнөх 4.8 хувиас бууруулж 4.6 хувьд байхаар төсөөлж байгаа бол ирэх онд ДНБ өсөлт зургаан хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Ирэх оны хувьд эдийн засгийн өсөлт ингэж нэмэгдэхээр байгаа нь цар тахлын болон эдийн засгийн үндсэн эрсдэлүүд буурах, тодорхой бус байдал 2021 оныхоос багасах, экспортод үүссэн гацаа саад арилах, эрдэс, түүхий эдийн эрэлт, үнэ тогтвортой байх, БНХАУ-ын эдийн засгийн 2021 оны сэргэлт хадгалагдах зэрэг харьцангуй өөдрөг хүлээлтийг гол үндэслэл болгосонтой холбоотой. Үүнээс гадна ирэх онд Азийн орнуудыг чиглэх хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх эерэг хандлага байгаа. Мэдээж төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүд байгаагийн хамгийн эхэнд цар тахлын халдварын нөхцөл байдал орно. Монгол Улсад  эдийн засгийг тогтвортой сэргээх дунд хугацааны цогц арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Ингэхдээ нэгдүгээрт, нийтийн эрүүл мэндэд учирч байгаа аюул, эрсдэлийг бууруулах зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, макро эдийн засгийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хангах буюу энэ хүрээнд эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэртэй байдлыг хангах шаардлагатай. Төсвийн болон өрийн тогтвортой байдлыг хангах зорилт туйлын чухал. Гуравдугаарт, бизнес, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахад анхаарах хэрэгтэй. Хувийн хэвшлийн итгэлийг сэргээх, бизнесийн орчныг сайжруулах нь эдийн засаг тогтвортой сэргэх нэг суурь урьдач нөхцөл юм. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд бид Засгийн газар болон хөгжлийн түнш байгуууллагуудтай зөвшилцөж байгаа. Мөн эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог хангах талаар ярилцаж байна.

-Хэдийгээр хил гаалийн гацаа саад арилж, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ ирэх жилүүдэд өндөр байхаар байгаа ч, цар тахлын халдвар намжих эсэх нь тодорхойгүй байгаа тул ирэх оны зургаан хувийн өсөлт харьцангуй өөдрөг таамаг биш гэж үү?

-Монгол Улс нийт хүн амынхаа 65 хувийг вакцинжуулаад байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын 15 хувь нь вакцины гуравдугаар тунд хамрагдсан байна. Вакцинжуулалтын хөтөлбөр бусад оронтой харьцуулахад харьцангуй амжилттай хэрэгжсэн. Үүнд тулгуурлан цар тахлын халдварын тархалтаа хумьж, бага түвшинд байлгаж чадвал нийтийн эрүүл мэндийн эрсдэл эрс багасах боломжтой байна. Эрсдэлийг ингэж багасгаж чадвал бизнесийн хүлээлт, итгэл нэмэгдэнэ. Монгол Улсын экспортын эрэлт 2022 онд ч өндөр байх эерэг хүлээлттэй байна. Нэг талаас цар тахлын эрсдэлийг багасгах, нөгөө талаас экспортын эрэлт өндөр байх нь дотоодын хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээг нэмэгдүүлэх боломж үүсгэнэ. Үүний зэрэгцээ эдийн засгийг сэргээх чиглэлд төрөөс хэрэгжүүлж байгаа төсөв, мөнгөний бодлогын эерэг нөлөөг бид төсөөлөлд харгалзан үзэж тусгасан.

-Азийн Хөгжлийн Банкны манай улсад олгосон дэмжлэг хэдэн сая ам.долларт хүрээд байгаа вэ?

- Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр маш олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа. Зарим батлагдсан төслийн тухайд хөрөнгийн зарцуулалт нь гарч эхэлж амжаагүй тохиолдол ч бий. Азийн Хөгжлийн Банк Монгол Улсад өнгөрсөн хугацаанд өссөн дүнгээр 3.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрүүдийг баталж хэрэгжүүлсэн байна. Үүнээс яг одоо идэвхтэй хэрэгжиж буй 39 төслийн 66 зээл болон буцалтгүй тусламжийн нийт хөрөнгө 1.9 орчим тэрбум ам.доллар байна. Үүнээс гадна техникийн туслалцаа гээд эргэн төлөх шаардлагагүй хөтөлбөрийн хүрээнд 46.9 сая ам.долларын хөрөнгийг 54 төсөлд, хувийн хэвшилд 150 гаруй сая ам.долларын санхүүжилт олгосон. Энэ сарын эхээр батлагдсан 2021-2024 оны Түншлэлийн стратегийн хүрээнд нийт 1.5 тэрбум ам.долларын 73 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-2021-2024 онд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн стратегиа  баталсан. Энэ үеэрээ ирэх дөрвөн жилийн хугацаанд АХБ-наас Монгол Улсад эрүүл мэнд, боловсрол, тээвэр, худалдаа, банк санхүү, хот байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуучлал зэрэг салбарт 1.5 тэрбум ам.долларын 73 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгийн та сая дурдлаа. Хэрэгжих төслүүдээс хамгийн илүү ач холбогдолтойг ямар салбарт хэрэгжих төсөл гэж та хувьдаа харж байна вэ?

-Төсөл бүхэн чухал ач холбогдолтой. Өнгөрсөн 2017-2020 онд хэрэгжүүлсэн стратегитэй харьцуулахад ирэх гурван жилд хэрэгжүүлэх нийт төслийн тоо буурах ч, нийт санхүүжилтийн хэмжээ өсөхөөр байна. Өнгөрсөн дөрвөн жил бид 95 төсөл хэрэгжүүлэхээр батлуулж байсан бол 2021-2024 онд 73 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр илүү томоохон төслүүдэд төвлөрөх, үйл ажиллагааны үр ашиг дээшлэх, төслийн чанар ч үүнийгээ дагаад илүү сайжрах боломжтой. Салбараар нь авч үзвэл, судалгааны их дээд сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр гэж бий. Уг төсөл ирэх жил батлагдахаар байгаа юм. Төслийн зорилго нь Монгол Улс судалгаанд чиглэгдсэн их дээд сургуулиудтай болоход нь дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн гамшгийг эрт зарлан мэдээлэх системийн төслийг Онцгой байдлын газар болон бусад яамдуудтай хамтран хэрэгжүүлнэ. Энэ бол Монгол Улсад нэн чухал шаардлагатай. Учир нь, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүссэн байгалийн гамшигт өртөмтгий орнуудын тоонд  багтдаг. Үүнээс гадна тээврийн салбар байна. Тэр тусмаа Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн хувилбарыг ярилцаж байгаа. Метро тавих боломжтэй юу, аль эсвэл тусгай замтай хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх үү гэдгийг судалж үзнэ. Түүнчлэн өнгөрсөн жил 100 сая ам.долларын санхүүжилттэй батерей хураагуурын төсөл батлагдсан. Батерей хураагуурыг ашигласнаар сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авсан эрчим хүчээ хуримтлуулах боломжтой болж байгаа юм. Монгол Улс өвөлдөө хасах 40 градуст хүрдэг учраас халаалтын шинэ шийдлийг олох нь чухал асуудал. Тиймээс газрын гүний дулааныг ашиглах зэргээр шинэ технологи нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр судалж байна.

-Монгол Улс эдийн засгийн өсөлтөд урт хугацаандаа нөлөөлж болох эрсдэлээс хамгаалахын тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Эрсдэл болон боломж ямар ч үед байдаг. Монгол Улсын хувьд тогтвортой өсөлтийг хангахын тулд нэг талаас эрүүл мэндийн салбар, нийгмийн хамгааллыг шинэчлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарыг КОВИД-19 шиг цар тахлын хямрал, аливаа эрсдэлийг даах чадвартай болгож бэхжүүлэх, нийгмийн хамгааллыг илүү зорилтот болгохын сацуу гэнэтийн цочрол, хямралд үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх чадавхитай болгож сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна. Нөгөө талаас макро эдийн засгийн зохистой, харилцан уялдаатай, ойлгомжтой бодлого маш чухал. Энэхүү бодлого нь төлбөрийн тэнцэл, төсвийн хямралаас урьдчилан сэргийлдэг, эдийн засагт үүссэн аливаа шок, хямралын сөрөг үр дагаврыг зөөлрүүлдэг, улмаар эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг дэмждэг байвал илүү үр дүнтэй. Монголд ажлын байрыг хамгаалах, шинээр ажлын байр бий болгох, хувийн хэвшил, бичил, жижиг дунд бизнесийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг сайжруулах, бүтээмжийг дээшлүүлэх зэрэг асуудал үргэлж чухал байсаар ирсэн. Үүний зэрэгцээ эдийн засгийн багтаамжийг томруулж, өрсөлдөх чадвар, бүтцийн төрөлжилтийг дэмжих үүднээс уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих нь чухал байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top