СУРВАЛЖИЛГА: Граммаар хэмжигддэг ГАШУУН АМЬДРАЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, талх, боорцогны үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр. "Атар" талх 1500 төгрөг болсон гэх сургаар олсон хэдэн төгрөгөөрөө өдрийн хоолоо аргацааж амьдардаг, ядруухан иргэдийн амьдрал хэрхэн өрнөж байгаа бол гэж хамгийн түрүүнд бодогдов. Тиймээс хотын захад амьдрал хэрхэн өрнөж байгааг сурвалжлахаар айл бүрийн хүнсний хэрэгцээгээ хангадаг хүнсний дэлгүүрүүдээр орлоо. 

“БАРААГАА БИЧҮҮЛЭХ ГЭЖ ИРЭЭД ҮНИЙГ НЬ ХАРААД УУРЛААД УРДААС ШИДЭЖ БАЙНА”

Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуутад байрлах “Нархан” хүнсний дэлгүүрийн хаалгыг татав. Энд үйлчлүүлэгч алга. Хаалганы хонх дуугарахад гурван настай бяцхан охин арын хаалгаар гарч ээжийгээ дуудав. Энэ байдал нь дэлгүүрт үйлчлүүлэгч ховор байгааг илтгэх шиг.

Дэлгүүрийн худалдагч Д.Булгантамир “Өргөн хэрэглээний бүх л барааны үнэ нэмэгдсэн. Тухайлбал “Өгөөж” ХХК-ийн боов, боорцогны үнэ өнөөдөр  200 төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд хүмүүс маш их бухимдалтай байна. Бараагаа бичүүлэх гэж ирээд үнийг нь хараад уурлаад урдаас шидэж байна. Борлуулахад ч хэцүү боллоо.

Манайх өдөрт 20-25 “Атар” талх авдаг байсан. Гэтэл одоо 10-15 талх авдаг болсон. Үүнээс харахад л худалдан авалт нь буурч байгаа нь ажиглагдаж байна.

Би сарын өмнө энэ дэлгүүрийг түрээсэлсэн юм. Тиймээс одоохондоо танихгүй хүмүүст зээл өгч чадахгүй байна. Ганц талх зээлээч гэж гуйсан хүмүүс их орж ирдэг. Өдөрт багадаа л зургаан хүн зээл гуйж байна. Одоохондоо танихгүй хүмүүс болохоор зээл өгч чадахгүй байгаа. Хэрвээ өгвөл маш их хүн авах юм байна билээ” хэмээв.

“АРГАА БАРАХДАА БАЙЦАЙГАА ХҮРТЭЛ ТАЛЛАЖ АВЧ БАЙНА”

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Мандах” найман нэрийн хүнсний дэлгүүрийн гадна түгээлтийн машин зогсож байлаа.

Дотогш ороход худалдагч их л гайхсан шинжтэй байв. Учир нь, биднийг ороход хүлээн авч байсан бүтээгдэхүүний үнэ 200 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, 1400 төгрөгөөр нийлүүлдэг байсан зүсэм пицца 1600 төгрөг болсон байна.

Энэ талаар түгээгч Ц.Золжаргал “Бургер, пицца, кимбаб гэх мэт бэлэн бүтээгдэхүүн нийлүүлдэг юм. Бид өмнөхөөсөө 50 хувиар бага нийлүүлэлт хийдэг болсон. Тухайлбал, энэ “Мандах” дэлгүүр гэхэд 80 мянган төгрөгийн бүтээгдэхүүн авдаг байсан. Гэтэл одоо 40 мянган төгрөгийн л захиалга өгдөг болсон” гэлээ.

Харин дэлгүүрийн худалдагч Д.Энхчимэг “Иргэдийн бараа худалдан авах нь маш бага болсон. Аргагүй эрхэнд өдрийн хэрэгцээ хангах талх, будаагаа авч байна. Бас худалдаж авч чадахгүйд хүрээд зээл гуйх хүмүүс ч байна. Өөрийн эзэмшлийн дэлгүүр биш, цагийн ажил хийж байгаа болохоор зээл өгөхгүй байхыг л хичээж байна” гэлээ.

Мөн тэрбээр өмнөх худалдагчийн тавьсан зээлийн баримт, барьцаалсан картууд одоо ч хэвээрээ байгааг хэлж, ард нь үнийн дүн бичсэн баримт, иргэний үнэмлэх харуулсан юм.

"Мандах" хүнсний дэлгүүрийн өдрийн орлого өмнө нь дунджаар сая гаруй төгрөг ордог байжээ. Харин одоо 500 мянган төгрөгийн орлоготой ажилладаг болсон гэнэ. Мөн хүнсний ногоог гэхэд киллограммаар нь авдаг байсан иргэд  одоо тал байцаа, нэг лууван, гурван төмс мэтээр амь зогоож, хоногийн хоолоо аргацаадаг болсныг хэлж байлаа.

Дэлгүүрийн хүнсний ногооны хэсэг тал ногоотой. Борлохгүй, муудах гээд байдаг учир ногоогоо их хэмжээгээр авдаггүй гэнэ. Гурав хоногийн өмнө авсан хоёр кг лууван гэхэд огт борлоогүй, бахь байдгаараа. Өөрчлөгдсөн зүйл нь гэвэл лангуун дээр олон хоносон учир үрчийж, хорчийсон байв.

"Хэдэн хүүхэд маань өлсөөд байна гэнэ. Талх ч болтугай авч өгөхөөс..." гээд худалдагчтай их л дотно бололтой нэгэн эмэгтэй гаднаас дуу хадаан орж ирэв. Түүнийг С.Наранцэцэг гэдэг аж. Тэрбээр зургаан хүүхэдтэй. Нэг нь оюутан гэнэ. Сард тэтгэврийн мөнгө 350 мянган төгрөг авдаг болохоор хаанаа ч хүрэлцдэггүй талаар хэлж байлаа. "Би саяхан нурууны хагалгаанд орсон юм. Тиймээс эм тариа, авахаас эхлээд мөнгөний хэрэгцээ их гарч байна. Мэдрэлийн эм үнэтэй байдаг юм. Бас хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Гэтэл одоо барааны үнэ нэмэгдээд, авахад ч хүнд болсон байна. Аргаа барахдаа байцайгаа хүртэл таллаж авч байна. Монголчууд үнэхээр сөхөрч байна даа” хэмээн гунигтайгаар хэлэв.

“ХООСОН ХОНОХГҮЙН ТУЛД МАХНЫ ХАЯГДАЛ УУТЛАН ЗАРДАГ”

Хотын захын гэр хорооллоор ийн явах замд уут уутаар нь хэсэглэн тавьсан махны хаягдал зарж буй 60 орчим насны эмэгтэйтээ "нүүр тулав". Иргэдийн амьдрал доройтож байгааг харуулсан бас нэгэн жишээ энд байна.

Ф.Шүрэнцэцэг гуай тэтгэвэртээ гарсан. Гэсэн ч гэртээ зүгээр сууж, хоосон хонохгүйн тулд гудамжинд махны хаягдал зардаг. Нэг уут нь 1000 төгрөг. Гэхдээ түүний энэ бүтээгдэхүүнээс авч байгаа хүн тун ховор гэнэ. Хажууд нь 10 минут зогсоход нэг ч хүн ирээгүй нь түүний хэлснийг батлах гэсэн шиг байв.

Ф.Шүрэнцэцэг гуай 11- 19 цаг хүртэл сууж махны хаягдал буюу нохойны хоол зардаг гэнэ. Энэ хугацаандаа 50 мах уутлаж, бэлтгэдэг ч тал нь борлодог аж. Үлдсэн хэдийгээ маргааш дахиад л дэлгэж тавьдаг байна. Тэрбээр "Хүмүүс авахдаа нохойны хоол авъя гээд л авдаг юм. Үнэнийг хэлэхэд өөрсдөө хоолондоо хэрэглэж байгааг ч үгүйсгэхгүй" хэмээн хяслантайгаар хэлсэн юм.  

“ИДЭХ ХООЛГҮЙ, ХҮҮХЭД ӨЛСӨӨД БАЙНА ГЭХЭЭР ӨРӨВДӨӨД ЗЭЭЛ ӨГЧИХДӨГ”

Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд нийтийн байрнуудын дунд байрлах “Өгөөмөр баян дэнж” дэлгүүр рүү орлоо. Худалдагч эгээ л утсаа оролдон сууж байв. Түүнээс иргэдийн худалдан авалт ямар байгааг асуухад өмнөх дэлгүүрийн худалдагчдын үгийг давтаж байлаа. "Өмнө нь хүмүүс талх авахдаа хольж идэх вариан, молко авдаг байсан. Одоо бол ганц талх л авч байна. Зээл их гуйдаг болсон. Өрийн дэвтэр маань өдрөөс өдөрт зузаарсаар л байна. Хамгийн дээд тал нь 300 гаруй мянган төгрөгийн өртэй хүн байгаа. Нэг хүн 600 гаруй мянган төгрөгийн өртэй байсан. 200 мянгаар нь хувааж төлөөд дуусаж байна. Идэх хоолгүй, хүүхэд өлсөөд байна гэхээр аргагүй эрхэнд өрөвдөөд зээл өгчихдөг" гэв.  

Будаа, сахарыг хүртэл граммаар нь хэмжиж авах нь их байдаг гэж ярих дэлгүүрийн худалдагчийг бид нэг өдрийн хоолны хэрэгцээ гэж юу авч байгааг тооцоолон харуулаач гэхэд гурван төмс, нэг лууван, нэг манжин, 500 грамм цагаан будааг өмнө минь тавив. Энэ бол нийтийн байранд амьдардаг залуусын нэг удаагийн хоолонд хэрэглэх бүтээгдэхүүн. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛЧУУД(59.153.114.163) 2021 оны 10 сарын 07

Масс иргэд ийм л ядуу амьдарч байна

0  |  0
Top