Парисын их сургуулийн эрдэмтэд коронавирусний халдвар авсан хүнийн хөл, зарим тохиолдолд гарын хуруунд хөлдөлттэй төстэй ул мөр юуны учир илэрдэг болох шалтгааныг тогтоожээ.
“British Journal of Dermatology” хэвлэлд мэдээлснээр, “ковидын хуруу” гэж нэрлэгдээд буй энэ үзэгдэл нь бие организм вирусийн эсрэг үзүүлж буй эсэргүүцлийн сөрөг үр нөлөө гэж үзэж байна.
Ийм шинж тэмдэг аль ч насныханд илрэх магадлалтай ч гол төлөв хүүхэд, өсвөр насныханд ажиглагдаж байна. Ингэхдээ заримд нь ямар нэгэн зовуурь илэрдэггүй бол заримд нь хүчтэй өвдөх, загатнах, хавдах зэргээр илэрдэг аж. Нидерландад гэхэд 13 настай өвчтөнд “ковидын хуруу”-ны шинж тэмдэг илэрсний дараа явж чадахгүй болж, тэргэнцэр ашиглахад хүрсэн тохиолдол бүртгэгджээ.
Гэмтсэн хуруу улаан эсвэл хөх ягаан туяатай болдог байна. Зарим өвчтөний хуруу хөндүүрлэж, хавдахаас гадна заримд нь идээлэх хүртэл хүндрэл гардаг. Энэ шинж тэмдэг хэдэн долоо хоног, зарим тохиолдолд сараар үргэлжилдэг байна.
Францын эрдэмтэд “ковидын хуруу” оноштой 50 өвчтөн болон цар тахал дэгдэхээс өмнө ийм шинж тэмдэг илэрсэн 13 өвчтөний цус болон арьсны сорьцыг шинжилжээ. Судалгааны дүнд эрдэмтэд бие организм вирустэй тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэдэг дархлааны тогтолцооны хоёр элементтэй холбоотой байх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлжээ. Тухайлбал, вирусний эсрэг нэгдүгээр хэлбэрийн интерферон уураг ба нөгөө нь бие организмд орсон вирус руу халддаг эсрэг биет гэнэ. Эл эсрэг биет заримдаа өөрийнхөө эсийг устгадаг байна.
Британийн арьсны эмч нарын холбооны төлөөлөгч Вероник Батайн хэлснээр, “ковидын хуруу” цар тахлын эхэн үед их тохиодог байсан бол “Дельта” хувилбар гарч ирснээр энэ шинж тэмдэг ховор илрэх болжээ. Энэ нь хүмүүс вакцинд хамрагдаж, дархлаатай болсонтой холбоотой байх магадлалтай гэж үзэж байна. Вакцин хийлгэсний дараа ийм шинж тэмдэг илрэх нь ховордсон гэж доктор Батай онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Солиорол солиорол