-“Цахим шилжилт-Хамтын шийдэл” аяны хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулав -
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж буй “Цахим шилжилт-Хамтын шийдэл" аяны хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын даргын 2021 оны А/621-А191 дүгээр хамтарсан тушаалаар Иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх, “Төрийн мэдээлэл солилцооны систем /ХУР/”, “Танилт нэвтрэлтийн нэгдсэн систем /ДАН/”-ээр нэвтэрч газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /www.egazar.gov.mn/-ээр гаргасан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаарыг дундын мэдээллийн сангаар дамжуулан олгож эхэлжээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангахад ахиц дэвшил гарсан үйл явдал болсон байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өчигдөр /2021.10.07/ “Цахим шилжилт- хамтын шийдэл” аяны хүрээнд төв талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулав. Өдөрлөгт дүүргүүдийн Газрын албаныхан оролцлоо.
Энэ үеэр нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Иргэдийн нийслэл, дүүргийн Газрын албанд цаасан материал бүрдүүлж, дараалал үүсгэдэг асуудлыг хөнгөвчлөх үүднээс цахим үйлчилгээг хөгжүүлж байна. Тухайлбал, газрын төлбөр, татвараа цахимаар төлөх боломжийг бүрдүүлсэн. Цаашид газартай холбоотой бүх үйлчилгээг цахимжуулах зорилго тавин ажиллаж байна. Ташрамд дурдахад, хуулийн дагуу иргэн бүр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 га газрыг олгох асуудлыг түр хугацаагаар зогсоосон байгаа. Монгол Улсын Хөгжлийн бодлогыг тодорхойлох 20/40 баримт бичиг батлагдсаны дараа газар хэрхэн олгогдох нь тодорхой болно. Хамгийн гол нь “Улаанбаатар хотод төлөвлөлттэйгээр газар олголтыг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх чухал” гэсэн зарчмыг баримталж байгаа. Мэдээж Улаанбаатар хотын хэмжээнд газар хомс. Монгол Улсын нийт иргэдийн 60-70 хувь нь нийслэлд амьдардаг. Тиймээс иргэдэд газрыг хүртээмжтэй олгох нь чухал. Урьд нь нэг газартай хүн дахин газар авах боломжтой байв. Гэтэл яг гэр хороололд амьдардаг хэрэгцээт иргэд нь газар авч чаддаггүй байдалтай байсан. Ийм шалтгаанаар газар олголтыг түр зогсоосон. Энэ жилдээ багтаад дээрх баримт бичиг батлагдчих байх. Тэр баримт бичиг боловсруулагдсаны хойно бид дараа, дараагийн журмыг батлаад иргэдэд газар олголтын үйлчилгээг үзүүлээд явна” гэв.
Нээлттэй өдөрлөгийн үеэр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтэс”-ийн ахлах мэргэжилтэн Д.Амарбаясгалантай уулзлаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын албан дээр хийгдэж байгаа болон цаашид хийгдэх ажлуудаа танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор Газрын албанаас үзүүлж байгаа үйлчилгээнүүдээ цахимжуулж байна. Газрыг өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн гурван төрлийн үйлчилгээ бий. Өмчлөх эрх дээр газрын татвар төлдөг. Эзэмших, ашиглах эрх дээр газрын төлбөр төлдөг. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс татварын алба газрын төлбөр барагдуулах үйл ажиллагааг хариуцаж ахжиллах болсон. Ингэснээр хоёр байгууллагын хооронд мэдээлэл солилцож, улмаар иргэдэд илүү хялбар үйлчилгээг үзүүлж байгаа гэж ойлгож болно. Газрын төлбөрийн харилцааг Газрын тухай хууль, Татварын хуулиар зохицуулдаг. Газрын төлбөрөө төлөхгүй яваад байвал Татварын алба албадлагын арга хэмжээ авах эрхтэй. Нөгөө талаас Газрын тухай хуульд зааснаар “Хоёр жил зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд газрын эрх хүчингүй болно. Мөн газрын төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй бол хүчингүй болгох” зэрэг заалтууд бий. Иймээс иргэд газартай холбоотой хууль тогтоомжоо сайн судалж, мэдэх ёстой” гэлээ.
ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ 19 ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС 12-ЫГ НЬ ЦАХИМЖУУЛЖЭЭ
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Газартай холбоотой 19 төрлийн үйлчилгээ байдаг. Үүнээс эхний 12 үйлчилгээг бид цахимжуулаад байна. Газрын цахим систем рүү ороод дээрх үйлчилгээг иргэд авах боломжтой болсон. Цаашид бүх үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Газрын бичиг баримтынхаа зөрчлийг арилгуулах, төлбөр төлөх зэрэг бүх төрлийн үйлчилгээг иргэд заавал газрын албанд ирэлгүйгээр цахимаар авах боломжийг бүрдүүлж ажиллаж байна” гэв.
С.ӨЛЗИЙ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )