УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүн 2021 оны зургаадугаар сарын 21-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх) асуудлыг хэлэлцээд дэмжив. Хуралдаанд оролцсон гишүүдийн 28 нь дэмжиж, 26 нь татгалзав.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Монгол Улсад байр худалдаад авсан аль ч улсын иргэн оршин суух эрхтэй болох ийм хуулийн төслийг оруулж ирлээ. Нэг төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүй байж байр, машин худалдаж авсан баримтаа үзүүлээд оршин суудаг байж болохгүй. Энэ хуулийг хаалттай хэлэлцэх эсвэл эгүүлэн татчих гэж хүсмээр байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Ц.Даваасүрэн гишүүний санаа зовж байгаа нь зөв. Би байнгын хорооны даргын хувьд хоёр ч удаа энэ тухай хэлж байсан. Хэрэв хэлэлцэх эсэх нь дэмжигдвэл дээрх заалтыг авсан нь дээр гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Цэнхэр паспортын хууль шиг харагдаад байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Бид 1990 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт, тэр тусмаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт ярьж байна. Хөрөнгө оруулагчид орж ирээд монголын баялгийг гадныханд зарчихаад явдаг. Нэг жишээ бол Тамсагийн орд байна, зарчихаад явсан. Одоо Дубай-2 төлөвлөгөөг батлуулахын тулд хаваржин ятгалаа. Энэ хуулийн төсөлд бид анхааралтай хандах хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )