УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн явцын танилцуулгыг сонслоо. Энэ талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.
Танилцуулгын дараа байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг иргэний болон улс төрийн эрхийн тухай ОУ-ын пактын хэрэгжилт Монгол Улсад хангалтгүй байгааг шүүмжилсэн бөгөөд гадаадад суугаа монголчуудад Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх орнуудын тоог нэмэх хэрэгтэйг сануулсан юм.
Тэрбээр “Цар тахлын үед хууль сахиулах байгууллагаас авч хэрэгжүүлж буй зарим хязгаарлалт арга хэмжээнүүд МУ-ын нэгдэн орсон Иргэний болон Улс төрийн эрийн олон улсын пактыг зөрчөөд байна. Иргэний болон улс төрийн эрхийг хязгаарлах бол Үндсэн хуульд заасан шаардлагыг хангах үүрэгтэй.
“Ковид-19”-өөс хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зөвхөн зайлшгүй хэмжээнд хүний зарим эрхийг хязгаарлаж болохыг “Ковид-19”-ийн эсрэг хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулиар зөвшөөрч, хэрхэн хязгаарлахыг зохицуулсан. Үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх, эрүү шүүлтээс ангид байх гэсэн төрөөс хэзээ ч хязгаарлаж, зөрчиж болохгүй эрх иргэдэд бий.
Эдгээрээс бусад үндсэн эрхийг зайлшгүй нөхцөлд зохих хэмжээнд хязгаарлаж болдог. Ингэхдээ Үндсэн хуульд заасан таван төрлийн нөхцөлийг бүрэн хангасны дараа эрхүүдийг хязгаарлах боломжтой. Тухайлбал, Зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлах, Нийгмийн эрүүл мэнд, бусад хүний эрх чөлөөг хамгаалах зэрэг зүй ёсны зорилготой байх, Хязгаарлалт нь энэ зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх,
Гэтэл тусгаарлалтад байгаа хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг үндэслэлгүй хязгаарлах, тайван замаар жагсаж буй иргэдийн үг хэлэх эрхийг хязгаарлах явдлыг цагдаа хүчний байгууллагууд удаа дараа гаргаж байна.
Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбатад ял оноосон, иргэн Д.Монголхүүг удаа дараа баривчлах явдал гарлаа. Тийм учраас Хууль зүйн байнгын хороо иргэний үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхийг хууль, хүчний байгууллагаас зөрчөөд байгаа талаар хэлэлцэж тогтоолд оруулах ёстой" хэмээсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )