Хуш модны самар түүхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ

2021 оны 10 сарын 11

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах хууль эрх орчныг шинэчлэх Байгаль орчны багц хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа.

Тэрбээр ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт, “Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4 дэх заалт, “Ойн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.5, 13.1.5 заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 тоот зарлигийг баримтлан ой мод үрээр тарьж ургуулах, иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ. 

Түүнчлэн Монгол Улс цаг агаарын хувьд эрс тэс, хуурай учир дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орны нэг. Манай улсын нийт газар нутгийн 9.1 хувь буюу 14255.9 мянган га-г ойн сан, 7.9 хувийг ой мод эзэлдэг гэж бүртгэгдсэн хэдий ч ойн түймэр, хортон шавж болон хүний хүчин зүйлээс шалтгаалан жил бүр энэ тоо буурч байна. 2021 оны мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөнийг холбогдох судалгааны байгууллагуудын тайланд дурдсан байна. Цөлжилтийн сөрөг үр дагавар байгаль орчноос эхлээд ховор, нэн ховор зэрлэг ан амьтан болон хүн ам, мал аж ахуй, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбаруудад ч сөргөөр нөлөөлдөг.

Иймд Монгол орны газар нутаг, унаган байгаль төрх, улс орныхоо ногоон тусгаар тогтнолыг хамгаалах, ялангуяа говийн бүст цөлжилтыг сааруулах, гадаргын усыг хуримтлуулах, усны эко системийг хамгаалах, сэргээх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгцээ, шаардлага байгаа бөгөөд энэ хүрээнд одоо байгаа ойн сан бүхий газар нутгийг хамгаалах, ой модыг нөхөн сэргээхэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан ой мод гэмтээх, хугалах, гал түймэр тавих зэрэг сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хуш модны самар түүх, бэлтгэх үйл ажиллагааг урт хугацаанд хориглох шаардлагатай байгааг дурдсан байна.

Мөн дээрх албан бичгийн хувийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хүргүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top