Гаалийн татвар нэмэгдсэнээр ӨВЛИЙН ДУГУЙНЫ ҮНЭ ХОЁР ДАХИН ӨСЖЭЭ

2021 оны 10 сарын 13

Монгол тооллоор намрын адаг сар гарч буй хэдий ч өвлийн уур амьсгал хэдийн оржээ. Зарим аймагт цас орж, гол мөрөн зайрмагтаж, уул толгод бэл хүртлээ цасанд хучигдсан. Нийслэл хотод ойрын өдрүүдэд цасан бороо орсон нь жолоочдын ур чадварыг шалгаад амжлаа. Намрын анхны цас орсны дараа л жолоочид дугуйгаа солихоо гэнэт санадаг. Цаг агаар эрс өөрчлөгдсөн энэ үеэр өвлийн дугуйны үнэ ханшийн талаар жолоочид сурал болдог билээ. Тиймээс бид автомашины өвлийн дугуйны үнэ ханшийн талаар сурвалжиллаа.


Автомашины дугуй худалдан авахдаа жолоочид өөрт таалагдсан газраасаа худалдан авдаг. Тухайлбал, зах, хувь худалдаачин, дугуйн бөөний худалдааны төв болон мэргэжлийн байгууллагууд гэх мэт. Энэ удаагийн сурвалжилгаа “Өгөөмөр” зах болон бусад дугуйн худалдааны төвийн үнэ ханшаар бэлтгэсэн юм. “Өгөөмөр” зах нэг үеэ бодвол хөл хөдөлгөөн ихтэй болжээ. Орох хэсгийн хаалганд автомашинууд ар араасаа түгжирсэн байв. Өгөөмөр захад хөл тавихтай зэрэгцэн “Ямар дугуй сонирхож байна вэ” хэмээн ам уралдан асуух нь сонстоно. Дугуй худалдаалах чингэлэг бүр олны хөлд дарагджээ. “Төрөл бүрийн дугуй байгаа шүү, ямар машины дугуй сонирхож байна” гэсээр нэгэн худалдаачин бүсгүй ирсэн юм. Сурвалжилга хийж явааг минь сонсоод “Юуг нь сурвалжлах вэ дээ. Дугуйн үнэ нэмэгдчихсэн” хэмээн буцав. Нэг хүнд ч болтугай дугуй худалдаалах гэсэндээ намайг худалдаж авахгүйг сонсоод урам нь хугарав уу гэлтэй алхаж одов.

Харин дугуйн үнэ сонирхож яваа жолооч нар “Яасан үнэтэй болоо вэ” хэмээн ам уралдан гайхширна. Тэдний нэг болох жолооч Б.Бат-Очиртой ярилцсан юм.

Тэрбээр “Солонгос шинэ дугуй худалдаж аваад гурван жил хэрэглэдэг. Тухайн үедээ л нэг сая 250 мянган төгрөгөөр таван дугуй худалдаж авсан. Одоо бол үнэ нь өссөн. Өнөөдөр хуучин дугуйны үнэ судаллаа. Бараг хоёр нугалсан үнээр зарж байна. Би ачааны машины жолооч хүн л дээ. Ачааны машины дугуйны эдэлгээ уддаггүй. Одоо дугуй худалдаж авлаа гэхэд наанадаж нэг жилийн турш л хэрэглэх боломжтой. Ачаа ачихын тулд үнэтэй байсан ч дугуй худалдаж авахаас өөр сонголтгүй. Амьдрахын тулд өөр яахав дээ” хэмээн хуучилсан юм. Дугуй сонирхох жолоочдоос холдон нэгэн худалдаачинтай багахан яриа өрнүүлэв. Өөрийгөө Ц.Төрмөнх хэмээн танилцуулсан худалдаачин бусад худалдаачдаа бодвол залуухан хүн байлаа. Тэрбээр “Би Япон улсаас оруулж ирдэг дугуйнууд зардаг. Бүхий л төрлийн дугуй худалдаалж байна. Одоохондоо хүмүүс өвлийн дугуй авах гэж сүйд болоогүй л байгаа. Гэхдээ худалдан авагчид тасрахгүй байна. Ихэвчлэн цас орсны дараа л гэнэт дугуйн эрэлт нэмэгддэг. Хуучин дугуйг 50 мянгаас 120 мянган төгрөгөөр худалдаалж байна. Дугуйн хээ болон гаалийн татвараас хамаараад үнэ нь өссөн. Гаалийн татвар өссөн болон заримдаа хил дээр саатах зэрэг асуудлууд тулгардаг” гэв.

Хамгийн ихээр худалдаалдаг дугуй бол суудлын автомашины дугуйнууд юм. Тэр дундаа 185/65/15, 195/65/15, 205/65/15 болон 215/65/15 хэмжээтэй дугуйнууд хамгийн эрэлттэй байдаг байна. 185/65/15 хэмжээтэй дугуй ширхэг нь 40 мянгаас 70 мянган төгрөгийн үнэтэй. Харин 195/65/15 хэмжээтэй дугуй 80 мянгаас 120 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. 205/65/15 хэмжээтэй дугуй 175 мянгаас 200 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Дөрвөн хос дугуйг 700 мянгаас 800 мянган төгрөгөөр худалдаалж байгаа аж. Харин 400 мянгаас 500 мянган төгрөгөөр худалдан авахын тулд худалдаачидтай сайтар ярилцах хэрэгтэй юм. Учир нь үнийн ханш хямд дугуйнууд “сахал”-гүй бөгөөд хээ нь ч багассан байдаг аж.

Дугуйг дөрвөн хосоор нь худалдаална хэмээн жолоочдод шахдаггүй талаараа ч худалдаачид хэлсэн юм. Өмнө нь дөрвөн хосоор зарах боломжтой байсан хэдий ч одоо бол худалдан авагчдын бололцоо багассан тул аль аль талдаа хүндрэл учруулахгүйгээр наймаагаа хийдэг аж.

Манай улсад дөрвөн улирлын дугуй хэмээн иргэд өвлийн дугуй худалдаж авдаг байна. Энэ талаар дугуйн худалдаачин Т.Алтансүх “Хүмүүс сайн, муу гэж ялгахгүйгээр өөрт байгаа мөнгөний хэмжээнд тохируулж дугуй худалдаж авдаг. Хүн бүрийн бололцоо адил биш шүү дээ. Монголчууд жилийн дөрвөн улирлын турш өвлийн дугуй хэрэглэдэг. Зуны дугуйгаа сольдоггүй. Дугуйгаа сольж хэрэглэж сураагүй. Тиймээс аравдугаар сард дугуй худалдан авсан бол яг жилийн дараа ахин дугуй худалдаж авдаг. Өвлийн дугуйн худалдааны ид үе цаг агаартай шууд хамааралтай. Намар эрт цас орвол есдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын сүүл үе хүртэл өвлийн дугуйн худалдаа эрэлттэй байдаг. Харин намрын хур тунадас бага үед аравдугаар сарын сүүл үеэс арванхоёрдугаар сарын эхэн үе хүртэл өвлийн дугуйны эрэлт их байдаг юм” гэв.

“Өгөөмөр” зах дээр худалдаалах дугуйн үнэ ханшийн дараа шинэ дугуйн үнийг судлав. “Богд моторс” компани Солонгос улсын Хангүг брэндийн автомашины дугуй борлуулдаг. Уг брэндийн өвлийн дугуйг 142 мянгаас 594 мянган төгрөгийн үнэтэйгээр борлуулж байгаа аж.

Тодруулбал, 185/65/15 хэмжээтэй дугуй ширхэг нь 142 мянган төгрөгийн үнэтэй. Харин 195/65/15 хэмжээтэй дугуй 148 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. 205/65/15 хэмжээтэй дугуй 165 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол 205/75/15 хэмжээтэй дугуй 229 мянган төгрөгийн үнээр худалдаалж байгаа юм. Харин “Брижстөүн” худалдааны төвд дугуйн үнэ ханш 105 мянгаас 650 мянган төгрөг байна. 195R14C хэмжээтэй дугуй 105 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол 205R16C хэмжээтэй дугуй 330 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ок(202.126.90.6) 2021 оны 10 сарын 13

Татвар нэмэгдээгүй шүү

0  |  0
z(64.119.24.250) 2021 оны 10 сарын 13

Ogoomor zahiinhan ygej shaaj medne

0  |  0
a(64.119.24.250) 2021 оны 10 сарын 13

Bitgii shaa ogoomor zahiin psdanuud

0  |  0
Top