ОЛОН ӨНГӨ: Гурав хоног

2021 оны 10 сарын 13

Нөхөн сонгууль болж, Сонгуулийн тухай хуулийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга нар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хааж боодог боллоо. Гурав хоногийн турш ямар нэг арга хэмжээ зохион байгуулахгүйгээс гадна архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй, зарахгүй байхаас гадна нэг хоног томоохон зах, худалдааны төвүүд ажиллах эрхээ хязгаарлуулдаг.

"Долоодугаар сарын 1" буюу сонгуулийн дүнг эсэргүүцсэн ард түмний эсэргүүцлээс хойш нэг хоног нь гурван хоног болох хуулийн заалт бий болж, хувийн хэвшлийн үйл ажиллагааг хязгаарлах захирамж гаргадаг болсон нь энэ. Дахин хүний амь эрстэхийг хэн ч хүсэхгүй байгаа нь мэдээж. Гэхдээ цар тахалтай холбогдуулан олон сар орлогогүй болсон аж, ахуйн нэгжүүд болон худалдаа наймаа эрхэлдэг иргэд дахин олон өдрийн орлогоо алдаж байна.

Төр засаг цар тахлаас сэргийлж буй нэрээр үйлчилгээний байгууллагын ажиллах цагийг хумьсан. Нэмээд орлогынх нь нэг хэсэг болсон согтууруулах ундаа худалдаалахыг хориглож үзсэн. Үүнийг аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлага хэмээн үзэж, чимээгүй тэсээд өнгөрсөн юм. Гэтэл сонгуулийн ирц хүрэлцэхгүйн улмаас нэмэлт санал хураалт явуулахаар боллоо.

Дахиад л захирамж гарна. Хохирогч нь түрээсэнд байдгаа бардаг, татварын хөнгөлөлтгүй, төр нь харж үздэггүй өнөөх хэдэн бизнес эрхлэгчид. Монголд "Зургаан хоног согтууруулах ундаагаар үйлчлээгүй юм чинь түрээсийг чинь хөнгөлье" гэх түрээслэгч, хуульд "Татвараас хөнгөлье" гэх ямар ч заалт байхгүй нь харамсалтай.

Ирэх амралтын өдрүүдэд нэмэлт санал хураалт болно. Тэгэхээр хоног, хоногоор орлого алдаж буй аж ахуйн нэгжүүд, худалдаа наймаа эрхэлдэг иргэд дахин гурав хоног хоолоо хасаж таарна.

О.ГАНЖАРГАЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмээ(66.181.185.29) 2021 оны 10 сарын 13

МОНГОЛЫН ДАРГА НАР ХҮНИЙ ЗОВЛОНД ЦАДАХ БОЛООГҮЙ БАЙНА ДАА .

0  |  0
Top