Монголд тахь нутагшуулсан Прага хотын амьтны хүрээлэн ДАХАХ-ны дээд шагналыг хүртлээ

2021 оны 10 сарын 13

"Дэлхийн амьтны хүрээлэн, аквариумуудын холбоо"-ноос (ДАХАХ) Прагийн амьтны хүрээлэнд пржевальскийгийн адууг аврах ажилд урт хугацаанд хувь нэмэр оруулж байгааг нь үнэлэн шилдэг шагналаа олгожээ.


Бүгд найрамдах Чех улсын Прага хотын амьтны хүрээлэн нь өнөөдрөөс Дэлхийн амьтны хүрээлэн, аквариумуудын холбооны хамгийн дээд шагнал болох “WAZA Conservation Award” -ийн эзэн болж байна. Тус шагналыг "Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь" төсөл болон тахийг аврах ажилд удаан хугацаанд оруулж буй хувь нэмрээ үнэлүүлж хүртсэн юм. Түүхээс харахад энэ бол амьтны хүрээлэнгүүдэд олгож буй дэлхийн хамгийн том шагналын зургаа дахь удаагийнх нь юм байна.

Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек шагнал авч байгаа нь. Зургийг: Моника Долейшова, Прага хотын амьтны хүрээлэн

Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек шагнал авсан анхны сэтгэгдэлдээ "WAZA Conservation Award  шагналыг хүртэж буй нь амьтны хүрээлэнгүүдийн орчноос ч давсан үйл явдал бөгөөд зөвхөн Прага хотод чухал ач холбогдолтойгоор зогсохгүй. Харин биологийн олон янз байдлыг хамгаалахад илүү их анхаарал хандуулахад өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа нь бусад бүх зүйлээс намайг илүү аз жаргалтай болгож байгаа юм." хэмээн дурьдав.

Тэрбээр үргэлжлүүлэн "WAZA Conservation Award эзэмшигчдийн дурсгалын самбар дээрх жагсаалт Прага хотын амьтны хүрээлэн болон Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулалтаар өргөжив. Энэ нэрийн дор бид ихэвчлэн сүүлийн арван жилийн үйл ажиллагааг, ялангуяа Пржевальскийн адууг Монгол руу тээвэрлэснийг харж байгаа хэдий ч тахийг аврахын төлөө манай амьтны хүрээлэнгийн хийсэн бүх гавьяаг мөн түүнчлэн бараг 90 жилийн түүхэнд хийсэн бүх үйлсийг үнэлсэн хамгийн дээд шагнал Прагт олгогдсон гэдэгт би  эргэлзэхгүй байна.

Пржевальскийн адуу бол хамгийн сүүлд амьд үлдсэн зэрлэг адууны төрөл юм. Прага хотын амьтны хүрээлэн нь анхнаасаа Пржевальскийн адууг үржүүлж, 1959 оноос тус адууны олон улсын удмын бичгийг нь хөтөлж ирсэн. Прага хотын амьтны хүрээлэн БНЧУ-ын арми, Олон улсын Тахь групптэй хамтран  гучин дөрвөн тахийг есөн удаагийн агаарын тээвэрлэлтээр зөөвөрлөснөөр амьтдыг хамгаалах, зэрлэг популяцийг унаган нутагт нь нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулсан байна. Үүний зэрэгцээ, сүүлийн арван жилд Прага хотын амьтны хүрээлэн Говийн Их Дархан цаазат Б бүсийн үйл ажиллагаа, хөгжлийг ихээхэн дэмжиж дийлэнх тээвэрлэлтээ тийшээ чиглүүснээр тахийн тоо толгой аль хэдийн 350 давжээ. 

"Би Прага хотын амьтны хүрээлэнгийн одоогийн ажилчдад төдийгүй тэдний өмнөх үеийн бүх хүмүүст баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Мөн бидний үүсгэн байгуулагч болох биологийн олон янз байдлыг хамгаалах нь орчин үеийн амьтны хүрээлэнгийн хамгийн чухал ажил гэдгийг ойлгосон нийслэл Прага хотынхоо захиргаанд талархал илэрхийлж байна. Түүнээс гадна улсынхаа болон дэлхийн олон түнш, хамтран ажиллагсаддаа талархал илэрхийлэхээ мартаж болохгүй. Эцэст нь амьтны хүрээлэнгийн бүх зочид, фенүүддээ талархах ёстой " хэмээлээ.

Монгол Улс руу Чехийн талын тээвэрлэлтийн хүрээнд 34 тахийг зөөвөрлөсөн байна. Прага хотын амьтны хүрээлэн Чехийн армитай хамтран Пржевальскийн адууг Монголын Их Говийн дархан цаазат Б хэсэг рүү есөн удаа тээвэрлэсэн. Энэхүү зэрлэг адууны хамгийн сүүлчийн зүйлийн тоо 350 давжээ. Зургийг: Прага хотын амьтны хүрээлэнгийн архив

WAZA Conservation Award нь биологийн олон янз байдлыг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсан WAZA -ийн гишүүн байгууллагуудад олгогдог шагнал юм. Нэр дэвшүүлэх нь маш хатуу шалгууртай байдаг – тухайн байгууллага нь өндөр чанартай, зорилгоо тодорхой боловсруулсан маш сайн үр дүнтэй байгаль хамгаалах хөтөлбөрүүдтэй байх ёстой. Эдгээр нь WAZA -ийн стандартыг бүрэн хангасан байх ёстой бөгөөд үүний зэрэгцээ in situ (унаган нутагт нь)  болон ex situ (өөр орчинд) хамгаалах чиглэлээр чухал үйл ажиллагаа явуулдаг, мэдээж амьтдын сайн сайхан байдал, тэдний хамгаалалт, хүрээлэн буй орчны тогтвортой байдал, боловсролд анхаарлаа хандуулдаг байх ёстой. Одоогийн WAZA Conservation Award шагналын эзэд бол Атланта дахь Жоржиа аквариум (2020), Цюрихийн амьтны хүрээлэн (2019), Таронга амьтны хүрээлэн (2018), Монтерей булан аквариум (2017), Durrell Wildlife Conservation Trust (2016) юм.

Хэрхэн хувь нэмэр оруулах вэ?

  • Та Прага хотын амьтны хүрээлэнгийн аврах төслүүдийг манай хандивын дансанд ямар ч хэмжээгээр мөнгө илгээж дэмжих боломжтой. “Бид тэднийг амьд үлдэхэд нь тусалдаг” нэртэй дансны дугаар 43 - 680 466 0247/0100.

 

  • Прага хотын амьтны хүрээлэн дотроос эсвэл цахим дэлгүүрээс сонгосон бэлэг дурсгалын зүйл, хэвлэмэл бүтээгдэхүүнийг худалдан авах замаар ховордсон амьтдын хамгааллыг дэмжих боломжтой.

 

  • Та зүгээр л амьтны хүрээлэнд зочлохдоо ч тусалж байдаг. Бид таны тасалбар бүрээс 5 чех кроныг хандивын данс руугаа шилжүүлдэг бөгөөд түүгээрээ нэн ховордсон амьтдыг хамгаалах төслийг санхүүжүүлдэг.

 

  • Өөр нэг сонголт бол DMS гэж нэрлэгддэг хандивлагч SMS -ийг 87 777 дугаарт нэг удаа 30, 60 эсвэл 90 чех кроноор (та төсөлд 29, 59 эсвэл 89 кроноор хувь нэмэр оруулна гэсэн үг) илгээх, эсвэл та тогтмол шилжүүлгийн хувилбарыг сонгож болно (энэ тохиолдолд таны дээр гурваас  сонгосон дүн сар бүр Прага хотын амьтны хүрээлэнгийн данс руу автоматаар илгээгдэх болно). Тогтмол шилжүүлгийг цуцлахаар бол 87 777 дугаарт STOP ZOO PRAHA эсвэл STOP OHROZENEDRUHY хэлбэрээр SMS илгээнэ үү.

 

  • Та мөн Прага хотын амьтны хүрээлэнгийн орчинд байгаа төлбөрийн нэгдсэн функцтэй мэдрэгчтэй дэлгэц бүхий төлбөрийн тусгай киоск ашиглаж болно. Тэдгээр нь амьтны хүрээлэнгийн орон зайн таван байршилд байрладаг бөгөөд та дөрвөн зүйл (Тахь, нам дор газрын горилла, Энэтхэгийн гангес гавиал эсвэл лаос хадны харх) амьтдаас алинд нь хандивлахаа сонгох боломжтой.

Түүхээс харахад энэ бол амьтны хүрээлэнгүүдэд олгож буй дэлхийн хамгийн том шагналын зургаа дахь удаагийнх нь юм. Conservation Award шагналыг Прагийн амьтны хүрээлэн  "Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь" төслөөрөө хүртсэн юм.  Зургийг: Петр Хамерник, Прагийн амьтны хүрээлэн
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Praga ! (49.0.137.164) 2021 оны 10 сарын 13

Thank you PRAGA !!!

0  |  0
mgl emegtei(66.181.176.13) 2021 оны 10 сарын 13

Монгол нутгаас авран хамгаалахаар авч явсан хамгийн сүүлд үлдсэн зэрлэг адууны төрөл Тахийг өсгөн үржүүлж төрөлх нутагт нь нутагшуулж байгаа Прага хотын амьтны хүрээлэнгийн үе үеийн ажилтан ажилчдад талархаж байна аа. Зэрлэг амьтны сүүлийн төрлийг хамгаалсан 90 жилийн хөдөлмөрийн үр дүнгээрээ Та бүхэн энэ нэр хүндтэй шагналыг хүртлээ. Баяр хүргэж, амжилт хүсье.

0  |  0
Top