Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөлөлтэй өчигдөр (2021.10.12) уулзлаа. Тэд цар тахлын дараах эдийн засгаа сэргээх чиглэлээр Улсын Их Хуралтай хэрхэн хамтран ажиллах талаарх санал хүсэлтээ илэрхийлсэн юм.
Тухайлбал, ирэх онд экспортыг нэмэгдүүлэх бүх талын арга хэмжээг төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулах, мах бэлтгэлд онцгой анхаарал хандуулах, үйлдвэрлэлийг дэмжсэн зээлийн хүүг бууруулах, Монгол Улсад үйлдвэрлэдэггүй тоног төхөөрөмж, түүхий эд материал, сэлбэгийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, байгууллага хооронд үүссэн өр авлагыг шилжүүлэн тооцох зэрэг асуудлаар Улсын Их Хурлаас шийдвэр гаргуулах, төсвийн хөрөнгө оруулалтаар болон захиалгатай барилга байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгуулах зэрэг 16 санал тусгасан жагсаалт ирүүлжээ.
Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд буй мэргэжлийн холбоодын үйл ажиллагаатай давхардсан төрийн эрх, үүргийг шилжүүлэх, хасах, бизнесийн орчин нөхцөлийн эрх зүйн орчныг сайжруулах, Зээлийн батлан даалтын сангийн тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулах, хэлэлцэхэд Мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулах санал тавилаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эдгээр саналуудыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодод танилцуулж, шийдвэрлэхийн төлөө ажиллах болно. Эдийн засгаа сэргээх төрийн бодлого, шийдвэрт аж ахуй эрхлэгчдийнхээ санал хүсэлтийг тусгахад Мэргэжлийн холбоод болон МАОЭНХ-ныхны гүйцэтгэх үүрэг чухал. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мэргэжлийн 50 гаруй холбоодын төлөөлөл хамтран Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай болон Мэргэжлийн холбоодын тухай зэрэг хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж, байр сууриа нэгтгэх хэрэгтэй байна. Эдгээр санал нь та бүхний нийтлэг эрх ашгийн илэрхийлэл байх ёстой гэв.
Уулзалтад Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Цогзолмаа, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, зөвлөх Б.Бадарч болон Ноос, ноолуурын, Барилгын, Хүнсчдийн, Арьс, шир үйлдвэрлэлийн зэрэг мэргэжлийн холбоодын гишүүд оролцсон юм.
Сэтгэгдэл ( 0 )