БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх
Ажлын хэсэг байгууллаа
Засгийн газрын өчигдрийн /2021.10.14/ ээлжит хуралдаанаар хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулж, талууд төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар тохиролцоонд хүрлээ. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн III хуралдааныг энэ сарын 15-нд цахимаар зохион байгуулах гэнэ. Түүнчлэн “Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого, “Таван толгой түлш” ХХК-ийн эзэмшил, цаг үеийн зарим асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нүүрсний тээвэр, үнийн асуудалд хариулт өгөв. Тэрбээр "Наймдугаар сарын 30-ны байдлаар улсын нэгдсэн төсвийн орлого 103.2 хувиар биелсэн. Хэрвээ уул уурхайн салбар унасан бол бид үүнийг биелүүлэх боломжгүй байсан. Өнөөдөр нүүрснээс гадна зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайр, жонш, газрын тосны бүтээгдэхүүнийг хэвийн экспортолж байгаа учраас төсвийн орлого тодорхой хэмжээнд биелэгдсэн гэж үзэж байна. Зөвхөн нүүрсний үнэ өндөр байхад нүүрсээ төлөвлөсөн хэмжээнд гаргаж чадаагүй гэдэг бидний зүгээс алдагдсан боломж гэдгийг хүлээн зөвшөөрнө. Нүүрс хэвийн хэмжээнд гарч байсан бол үнэ нь хөөсрөхгүй. Тэгэхээр ямар нэг байдлаар бидний алдсан боломжийг үгүйсгэхийг хүсэхгүй байна. 2021 оны гуравдугаар сард нүүрсний экспорт 2019 оны гүйцэтгэлээс 25 хувиар давсан. Анхны тохиолдол Оюутолгойд гарснаас хойш экспортын нөхцөл байдал буурсаар өнөөдрийн түвшинд хүрсэн. Хэрвээ бид тэр чигээр явсан бол төсөв хэд дахин давсан гүйцэтгэлтэй байх байсан. Нүүрс чингэлэг тээврийн терминалаараа дамжаад гарвал хүний оролцоогүй, цар тахлын үед тохиромжтой нөхцөлд нүүрс тээвэрлэлт хийхээс гадна задгай тээврээс илүү хурдан хугацаанд үйл ажиллагаа явагддаг” гэдгийг онцолж мэдээллээ.
Г.Ёндон: Шатахууны үнэ зэх зээлийн зарчмаараа явах ёстой, төр оролцох нь буруу
Монгол Улсын шатахууны нөөцийн хувьд сэргэж эхэлсэн бөгөөд 17 вагон буюу 1034 тонн шатахуун ОХУ-аас орж ирээд байгаа аж. Мөн ОХУ-аас 12 вагон шатахуун, БНХАУ-аас 50 вагон буюу 2500 тонн шатахуун манай улсын хилээр удахгүй орж ирэх гэнэ. Шатахууны үнийн асуудалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өчигдөр тайлбар өгсөн юм. Тэрбээр “Улс орнуудын эдийн засгийн сэргэлтэд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг бол шатахууны үнэ. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээлд өсөж байгаа учраас Монгол Улсад үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөл бий болоод байна. Удахгүй шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй үнийн асуудлаар хуралдана. Сая үүссэн шатахууны хомсдол, цаашдын үнийн тухайд хэлэлцэнэ. Төр шатахууны үнийн асуудалд оролцоод байх маш буруу. Зах зээлийн зарчмаараа шатахууны үнэ буурч байна уу гэдэгт л төр нарийн хяналт тавих ёстой. Өнгөрсөн хавар эдийн засаг хүнд үед иргэдийн амьжиргаанд бага дарамт учруулах үүднээс өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийн асуудалд төр оролцож, үнийг зургаан сар хүртэл хугацаанд барьсан. Энэ арга хэмжээний хүрээнд импортлогч аж ахуйн нэгжүүд 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ бол иргэдийн халааснаас гараагүй мөнгө гэсэн үг. Өнөөдөр шатахууны үнэ чөлөөлөх асуудлыг огцом хийж болохгүй. Ерөөсөө шатахууны үнэ зах зээлээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Төрийн шийдвэрээс хамаарахгүй гадаад зах зээлийн хуулиар явдаг гэдгийг ойлгоосой. Тиймээс үнийн асуудалд аажим, хянуур хандах хэрэгтэй. Харин аж ахуйн нэгжүүд дахин шатахууны хомсдол үүсгэвэл хариуцлагын асуудал яригдана, тусгай зөвшөөрлийн тухайд ч асуудлыг авч үзэх болно” гэдгийг тайлбарлалаа.
Б.Жавхлан: Нүүрсний асуудлаар дээд хэмжээндээ тохиролцсон, удахгүй шийднэ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахдаа Сангийн сайд Б.Жавхлан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарууд боловсруулах шаардлагатайг онцлоод цагийн үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай хийсэн цахим уулзалтын үеэр нүүрсний экспортыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Гашуунсухайт боомтын саатал болон Тяньжин боомтод гацаад байгаа чингэлгүүдийг өвлөөс өмнө татан авах талаар тохиролцоонд хүрсэн. Хилийн боомтын нэвтрэн өнгөрөх процессын талаар хоёр улсын Ерөнхий сайдын түвшинд өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын нутаг дэвсгэр дээгүүр далайн тээврээр дамжуулж худалдан авалт хийдэг бүх улсад тээвэр логистикийн асуудал ижилхэн тулгамдаж байгаа. Бусад улстай харьцуулахад манай нөхцөл харьцангуй гайгүй, богино хугацаанд шийдвэрлэж болохоор байна. Манай улсын хувьд Цагаан хад боомтод цуглаад байгаа 8.8 сая тонн нүүрс бага багаар гарч байгаа. Одоо буураад 8.2 сая орчим тонн болсон. Энэ нүүрс бол хятад талаас худалдаад авчихсан нүүрс юм. Тиймээс бид нүүрсээ хурдан гаргаж өгөхийн тулд чингэлэг терминалын бүтээн байгуулалтыг хийж дуусгалаа. Энэ удаад бид худалдсан нүүрсээ гаргах, аль болох хүний оролцоогүй Хятадын талын шаардлага хангасан бүтээн байгуулалт зохион байгуулахаар дээд хэмжээндээ тохиролцлоо, ажил хэрэгжих л үлдлээ. Түүнчлэн төмөр замын нарийн цариг оруулж ирэх бөгөөд өргөн царигаа хилтэй тулгаад ачаагаа шилжүүлээд явна. Ирэх оны долоодугаар сард төмөр замын бүтээн байгуулалт дуусна” хэмээлээ.
ИРЭХ ОНООС "ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК БИЗНЕСИЙН ЗАРЧМААР АЖИЛЛАНА
Засгийн газрын хуралдаанаар “Тавантолгой түлш” ХХК-ийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэж, “Эрдэнэс Тавантолгой" ХК-д шилжүүлсэн нь онцлог боллоо. Ингэснээр “Тавантолгой түлш” ХХК бизнесийн зарчмаар ажиллана гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлсэн. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой ХК 2018 оноос хойш нийгмийн хариуцлагын хүрээнд "Тавантолгой түлш" ХХК-ийг санхүүжүүлж ирсэн. Учир нь Улаанбаатарын утааг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зэрэг нийгмийн ач холбогдолтой ажлуудад компани өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Өнөөдрийг хүртэл хувь эзэмшигчийн асуудал тодорхойгүй байсан. Иймд, цаашид компанийн 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК эзэмшихээр боллоо. Өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд ажилладаг байсан бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-д шилжсэнээр бизнесийн зарчим руу орох хандлагыг илүү барьж ажиллана. Өөрөөр хэлбэл, жилээс жилд зөвхөн татаасаар буюу санхүүжилтээр ажилладаг байсан бол одоо үйл ажиллагаагаа бизнесийн үйл ажиллагаа руу чиглүүлэх, орлого олох бусад түвшний хэлбэрүүдийг бий болгох, бусад орон нутагт шаарлагатай төсвийг санхүүгийн хувьд үр ашигтай нийлүүлэх, цаашлаад дэлхийн түлш үйлдвэрлэх ямар боломж байна гэх хандлагын хүрээнд бизнесийн зарчмаар ажиллуулахаар эзэмшил авч байгаа” гэв. Ирэх жилийн өвлөөс "Тавантолгой түлш" ХХК бизнесийн зарчмаар ажиллах юм байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )