ОЛОН ӨНГӨ: Холын зайн нөхөрлөл

2021 оны 10 сарын 15

Миний хамгийн сайн найзуудын нэг О.Жавзанпагма арлын Япон оронд амьдардаг юм. Магадгүй энэ хосуудын харилцаа байсан бол аль эрт холбоо тасарч болохоор нөхцөл. Иймээс ч хол байж үзэх нь аливаа харилцаанд сорилт болдог гэж ярьдаг нь оргүй зүйл биш ээ. Хамт байхдаа ч нэгэндээ битүүхэн туньчихдаг хүмүүст холоос нөхөрлөх нь яах аргагүй сорилт болсон.

Ойрд холбоо барьж амжаагүйдээ гэмшинэ, хэцүү үед нь хань болж чадахгүй байгаагаа санана. Өөрт тохиолдсон зүйлээ байнга ярьж чадахгүйгээс нэг ярихдаа эхнээс нь эхэлж ярихаас төвөгшөөнө. Энэ мэтчилэн тоочвол асуудал бий бий. Гэхдээ хамгийн гол нь сайн байгааг нь мэдэх, чин сэтгэлээсээ инээж байгааг нь харах сайхан байдаг. Яг л миний нэг хэсэг жаргалтай байгаа юм шиг. Тэр юм сурч байвал надад түүнийг сурах боломж илүү ойртож, би амжилтад хүрч байвал тэрэнд энэ зам илүү дөт болно гэж би санадаг.

Зарим хүмүүс ярьдаг даа, биеэ олон хуваадаг бол  их зүйл амжуулахсан гэж. Харин би үүнийг зарим тохиолдолд хэрэгждэг гэж боддог. Миний найзууд аз жаргалтай, эрүүл биетэй, саруул ухаантай байхын хэрээр надад олон зүйл сурах, үзэх, мэдрэх боломж нээгдэнэ гэж харах би дуртай. Тиймээ бид холын зайгаар харилцаагаа бататгаж, урт удаанаар хамтдаа хөгжиж, хамтдаа алдаж, хамтдаа амьдарч чадна гэдгийг битгий мартаарай. Төрсөн өдрийн мэнд хүргэе найз минь...

А.АЗЖАРГАЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top