Ц.Тувааныг нам нь ХОЁР ДАХЬ УДААГАА хөөлөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

-Өмнө нь УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү МАХН-аас найман удаа хөөгдөж байсан шиг өнөө цагт УИХ-ын гишүүн Ц.Туваан АН-аас хэдэн удаа хөөгдөх вэ-


Хоёр ч парламент дамнаж УИХ-ын гишүүнээр ажилласан О.Баасанхүү өмнө нь МАХН-аас нийт найман удаа хөөгдөж байв. Эцэстээ О.Баасанхүү МАХН-ыг орхиж, АН-ын хаяаг бараадсан байдаг.

Тэгвэл О.Баасанхүүгийн хувь заяаг өнөө цагт УИХ-ын гишүүн Ц.Туваан давтаж мэдэхээр байна. Одоогоор түүнийг АН-аас хоёр дахь удаагаа хөөлөө.

Өөрөөр хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ганбат өчигдөр /2021.10.15/ УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-аас хөөснийг мэдэгдэж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг намынхаа бүлгийн үйл ажиллагаанд оролцохыг хориглох шийдвэрийг гаргасан талаараа мэдээллээ.

Тэрбээр "АН-ын зүгээс УИХ дахь АН-ын бүлэгт албан бичиг ирүүллээ. Уг албан бичигт УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл удаа дараа гарган, намын эсрэг ажилласан тул намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийтгэл ногдуулсан байна. Иймд цаашид Ц.Туваан болон бие даан нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарын гишүүд АН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болж байна” гэх тайлбарыг өгсөн юм.

Харин эл мэдээлэлд УИХ-ын гишүүн Ц.Туваан “Би чуулганы хуралдаанд оролцож байгаад фэйсбүүкээс мэдээлэл авлаа. Гайхаад байж байна. Ер нь одоо хэддэх удаагаа ч хөөгдчихөв" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд С.Эрдэнийн  талын АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдааныг цахимаар зохион байгуулж, Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, намаасаа хөөх шийдвэрийг гаргасан байдаг. Харин эл шийдвэрийг Ц.Туваан эс хүлээн зөвшөөрч, өөрийн талын АН-аа хуралдуулж С.Эрдэнийг намаасаа найман жилийн хугацааагаар хасах шийдвэрийг гаргасан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top