СЕХ-ноос Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

УИХ-ын нөхөн сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Э.Батшугар нар сонгогчдын олонхийн саналыг авч, УИХ-ын гишүүнээр сонгогдоод байна.

Тэгвэл хоёр тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2021.10.18/ мэдээлэл хийлээ.

Тэдний өгсөн мэдээллээр Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон тооцож, тогтоол гаргаж, үнэмлэхийг нь олгожээ.

Энэ талаар тус хорооны дарга П.Дэлгэрнаран "Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, сонгогчдын олонхийн саналыг авч, ялалт байгуулсан Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа. УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ажил ирц хүрээгүйгээс болж нэмэлт санал хураалт явагдсан. Ирцийн хувьд өндөр биш ч гэсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нөхөн сонгууль өндөрлөлөө. Хэнтий аймагт Ц.Идэрбат 17264 сонгогчийн саналыг авсан. Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар 28537 сонгогчийн саналыг авсан. УИХ болон Ерөнхийлөгчид нөхөн сонгуулийн дүнг өргөн барина" гэх мэдээллийг өглөө.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top