Архангай аймаг “Тэрбум мод тарих” хөдөлгөөнд нэгдэж, 2023 он гэхэд 100 мянган мод тарина

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сарын 4-нд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Аймаг, сум, ААН-үүд уг хөдөлгөөнд нэгдэж мод тарьж эхлээд байна.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Архангайчууд нэгдэж, өнгөрөгч амралтын өдөр буюу аравдугаар сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг болон тус аймгийн 19 сумын иргэд, төр хувийн хэвшлийн байгууллагууд, Архангай аймгийн засаг даргын тамгын газар, Архангай аймгийн төгсөгчдийн холбоо хамтран 13 нэр төрлийн 13 мянга гаруй мод тарилаа. Тус аймаг жилд 30 мянган мод тарьж, 2023 он гэхэд 100 мянган мод тарихаар төлөвлөжээ.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Монгол улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын индэр дээрээс зарлаж дэвшүүлсэн тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд Архангай аймаг нэгдэж байна. Архангай аймгаас сонгогдсон гурван гишүүн санаачилгаар аймгийн удирдлагуудтай хамтарч мод тарьж байгаа. Нийтдээ энэ үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 мянган мод тарина гэсэн зорилго дэвшүүлсэн. Ирэх хавар, намар Архангайчууд 15 мянган мод тарина. Жилдээ хоёр үе шаттайгаар мод тариад явахад 3-4 жилийн дотор 100 мянган модыг тарих боломж бий. Архангай аймгийн бүх төрийн байгууллага, мөн Улаанбаатар хотод байгаа Архангай аймгийн төгсөгчдийн холбоо, үе үеийн төгсөгчид мод тарих үйл ажиллагаанд оролцож, төгсөгчдийн нэрэмжит төглүүдийг бий болгож байна. Цаашид Архангай төвийг гэр хорооллыг шинэчлэх, дэд бүтцэд холбох, цэвэр бохир усны шугамд холбох, бүх айлын хашааг нэг стандарт болгож цэгцлэх ажлыг ирэх жилүүдэд хийнэ. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын бүх айлыг хашаандаа мод тарих уриалгыг гаргаж байна. Ирэх жилийн улсын төсөвт цөлжилттэй тэмцэх, эко системийг хамгаалах зорилгоор 200 сая төгрөгийг тусгасан. Уг төсвөөр тэрбум мод тарих хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлуудыг хийнэ. Түүнчлэн Цэцэрлэг хотын агаарын бохирдлыг шийдэх үүднээс утаагүй түлшний үйлдвэрийг ирэх жилээс барьж эхэлнэ” гэв.
 


УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Наймдугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн инженерүүдийг Архангайд урьж, аймгийн удирдлагуудтай хамт аймгийн төвийн мод тарих боломжтой бүх газрыг үзүүлсэн. Арчилж чадвал ямар ч мод ургана гэсэн. Ирэх хавраас зэвхөн нийтийн эзэмшлийн талбайд бус айл өрх бүр хашаандаа мод тарих боломжийг бүрдүүлж өгнө. Модоо сайтар арчлаад ургуулна гэсэн айлуудад суулгацыг нь өгье. Хэрэв сайн арчлаад ургуулж чадаж байвал айл өрхүүдэд урамшуулал өгье. Цэцэрлэг хотоо ногоон хот болгохын төлөө хамтдаа ажиллая” хэмээн хэллээ.

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал “УИХ-ын гишүүдийн санаачилгаар Архангай аймаг “Ногоон аймаг” болох хөгжлийн зорилттой. Энэ хүрээнд мод тарих аяныг эхлүүлэх, Архангай аймагт сурч төгссөн бүх хүмүүсийн оролцоог нэмэгдүүлж, олон нийтээрээ мод тарих хөдөлгөөн өрнүүлэх бэлтгэл ажлаа хангаад эхэлж байсан. Ингээд өнөөдөр Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих хөдөлгөөнд нэгдээд, Архангай аймгийн бүх сум мод тарих аяныг эхлүүлж байна. Жилд 30 мянган мод тарих төлөвлөгөөтэй байгаа. Байнгын хавар, намар хийж байдаг тогтмол ажил болгохоор зорьж байна” гэлээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.170.68.162) 2021 оны 10 сарын 18

Mmodtoi gazruud mod tarij hereggui l uym bgaa uym. Gol ni tsuljilt bii bolson govi heeriin busdee modoo tarival\n

0  |  0
Top