Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах хоёрдугаар шатны төслийг хэрэгжүүлнэ

2021 оны 10 сарын 19

Манай улсын хувьд газар хөдлөлтийн чичирхийлэл улам нэмэгдэж, давтамж жил ирэх тусам ойртож байгаа нь гамшигтай тэмцэх чадавхи, бэлэн байдлаа дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр анхаарч ажиллахыг сануулсаар байна.

Тийм ч учраас Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2016-2019 онд амжилттай хэрэгжүүлсэн.

Тэгвэл 2 дугаар шатны төслийг эхлүүлэх саналыг ЖАЙКА-гийн талд тавиад байсан юм.

Өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дах Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, төслийн эхний шатны төсөл газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны мэдээллийг цуглуулах, боловсруулах чадавхийг сайжруулах, оролцогч талуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, барилга, дэд бүтцийн газар хөдлөлтийн үнэлгээний аргачлал, барилгын хүчитгэлийн зааврыг боловсруулах, сургууль, цэцэрлэгийн гамшгаас хамгаалах боловсрол, сургалтын материалыг боловсруулах, сургалт зохион байгуулах, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэхэд сургалтын орчин, нөхцлийг бүрдүүлэхэд үр дүнгээ өгч, амжилттай хэрэгжсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн энэ үеэр ЖАЙКА-гийн төв оффис, Даян дэлхийн хүрээлэн буй орчны газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах хэлтсийн дарга Мацүмото Хидэакитай цахимаар холбогдсон.

Уг төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх баримт бичгийн саналыг бэлтгэх тэмдэглэлд  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дах Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико нар гарын үсэг зурлаа.

Төслийн хоёрдугаар шатанд барилга байгууламжийг хүчитгэх хэрэгцээ, шаардлагыг олон нийтэд таниулах, холбогдох дүрэм, зааврыг боловсруулах, инженер техникийн ажилтнуудыг чадавхийг дээшлүүлэх, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхийг дэмжих, сургалтын бааз, материал бий болгоход анхаарч ажиллахаар төлөвлөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top