Цогтцэций -Чойр чиглэлийн улсын чанартай авто замыг хаах Зам тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ тушаал гарсантай холбоотойгоор нүүрс тээврийн жолооч нар өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗТХ-ийн сайд Л.Халтарыг шүүхэд өгч буйгаа мэдэгдлээ.
ШУУД ҮЗЭХ:
"Баянзам тээвэрчдийн холбоо" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “Цогтцэций-Чойр чиглэлийн тээвэр 2019 оноос хойш эхэлсэн. Энэ тээвэр маш их хэл ам дагуулж үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ оноос эхлээд бүх тээвэрчид аж ахуйн нэгжүүдээ төлөөлөөд манай Баян-Зам тээвэрчдийн холбоо Зам тээврийн яамтай хариуцлагын гэрээ байгуулаад ажиллаж байсан. Энэ тээвэр тавдугаар сараас эхэлсэн ч наймдугаар сард хаагдсан. Аравдугаар сард энэ тээврийн асуудлыг иргэд аж ахуйн нэгжүүд өр зээл тавьж, асуудлуудыг нь шийдэж ахин нээгээд сар ч болоогүй байтал ЗТХЯ-ны А158 тогтоолоор зогсоохоор шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд цаашлаад тээвэрчдийг үл тоож, хохироосон шийдвэр гаргасанд харамсалтай байна. Энэ зам дээр одоогийн байдлаар 160 орчим аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд дотоодын тээврийн компаниуд байдаг. Мөн 2500-3000 орчим жолооч болон тээвэрчид аж амьдралаа залгуулдаг. Цаашлаад Чойрын талбайд байдаг 50 гаруй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа орлого нам зогссон байна. Монголын тээвэрчид улсынхаа газар нутагт тээвэр хийх эрхгүй болсон байна.
Энэ тээвэр улсын төсөвт өдөрт сая орчим долларын орлого оруулдаг. Гэтэл ингээд зогсчихлоо. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ экспортоо нэмэгдүүлье, дотоодын тээврээ дэмжье гэж ярьдаг хэдий ч гүйцэтгэл дээрээ салбарын сайд нь ажлыг нь гацааж байна. ЗТХ-ийн сайд Л. Халтар энэ хугацаанд Засгийн газарт мэдэгдэл хийснээсээ хойш ямар нэгэн арга хэмжээ аваагүй, бидэнтэй огт уулзаагүй. Гэтэл өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөхдөө тээвэрчдийг гүтгэсэн. Бид ЗТХ-ийн сайд Л. Халтарыг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгч байгаа” хэмээв.
Сэтгэгдэл ( 0 )