Өмнөх парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан дуучин С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас "Хамаг Монгол" төслөө үргэлжлүүлэх санхүүжилт буюу дөрвөн тэрбум төгрөг нэхсэн гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна.
Хамгийн гол нь, нэхсэн дөрвөн тэрбум төгрөгийг нь өгөөгүйд гомдож, уурласан С.Жавхлан төв талбайд суулт хийж, УИХ болон Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа гэх мэдээлэл юм.
Энэхүү асуудлаар өчигдөр /2021.10.19/ Сангийн сайд Б.Жавхлан цагдаагийн байгууллагад очиж тайлбар, мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл бий. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлангаас дараах зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын гишүүн асан С.Жавхланг дөрвөн тэрбум төгрөг нэхсэн гэх асуудалд танаас хуулийн байгууллагаас мэдүүлэг, тайлбар авсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Тийм ээ, тэгсэн. Өчигдөр орой надтай холбогдсон. Би очиж бодит байдлын талаар л ярьсан.
-Танаас дахин бататгаж асууя. Үнэхээр УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан танаас дөрвөн тэрбум төгрөг нэхсэн гэж үү?
-Үнэн. Тийм үйл явдал, яриа болсон. Засгийн газрын зүгээс тийм зүйлийг санхүүжүүжэх боломжгүй. Хууль эрх зүйн хувьд ч боломжгүй гэдгээ хэлсэн.
-Хэрэв Сангийн яамыг дөрвөн тэрбум төгрөг гаргаж өгөхгүй бол жагсаал, цуглаан зохион байгуулж, суулт зарлана гэж хэлсэн хэрэг үү?
-Тийм яриа өрнөсөн. Тэр ярианы дараа ийм үйл явдал өрнөнө гэж бодоогүй.
-Таныг С.Жавхлантай уулзахад гуравдагч этгээд байсан уу?
-Бид дөрвүүлээ байсан.
-Яг хэзээ уулзсан юм бэ?
-Есдүгээр сарын 27-нд уулзсан.
-Та энэ асуудлаар өмнө нь цагдаад хандах боломж байсан уу?
-Яах юм, шаардлага байгаагүй. Тэгээд ч С.Жавхлан суулт хийгээгүй байсан.
Сэтгэгдэл ( 0 )