Нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангараг өргөнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 21

УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт, санал хураалт өнгөрсөн бямба /2021.10.16/ гарагт боллоо. Хэдийгээр нэмэлт, санал хураалт явуулсан ч сонгогчдын ирц 50 хувийн босгыг даваагүй бөгөөд хамгийн өндөр саналыг авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг "ялалт" байгуулсанд тооцож, Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоол гаргасан юм. Улмаар тэрхүү тогтоолоо УИХ болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн билээ. 

Ингэснээр ИХ-ын нөхөн сонгуульд оролцож, саналаа өгсөн нийт сонгогчдын олонх нь МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар, Ц.Идэрбат нарт саналаа өгсөн бөгөөд тэд УИХ-ын гишүүнээр сонгогдож байна.

Тэгвэл Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт ялалт байгуулсан Ц.Идэрбат болон Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт ялалт байгуулсан Э.Батшугар нар өнөөдөр /2021.10.21/ чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөнө.

Ингэснээр төр, засагт дуу хоолойгоо хүргэж чадахгүй, эрх нь зөрчигдөж байсан хоёр тойрог эзэнтэй болж, УИХ-ын дарга Г.Занданшатарын парламент 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top